ХЭНТИЙ АЙМАГТ "АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ"-ИЙН ХҮРЭЭНД АРИЛЖААНЫ ГУРВАН БАНК 42 ААН-Д 4,8 ТЭРБУМ ТӨГРӨГ, 127 ИРГЭНД 4,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

2021.05.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй Сумдын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Монгол банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Д.Болортунгалаг, Хаан банкны салбарын захирал Б.Алимаа, Хас банкны салбарын захирал Н.Гэрэлмаа, Төрийн банкны салбарын захирал Б.Юучбиш нарыг ...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Монгол банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Д.Болортунгалаг, Хаан банкны салбарын захирал Б.Алимаа, Хас банкны салбарын захирал Н.Гэрэлмаа, Төрийн банкны салбарын захирал Б.Юучбиш нарыг хүлээн авч уулзаж, 4 асуудлаар зөвшилцөв.

Тэрбээр, уулзалтын эхэнд дөрөвдүгээр сард төлөвлөсөн уулзалт хатуу хөл хорионоос шалтгаалан өнөөдөр зохион байгуулагдаж байгааг онцолж,

Нэгдүгээрт, МУ-ын Засгийн газрын ажлын байрыг дэмжих зорилгоор олгож буй зээл ард иргэд, ААН-үүдэд хүрсэн байдал,

Хоёрдугаарт, ЗДҮАХ-т тусгагдсан “Хэнтий Орон сууц” арга хэмжээ, сумдыг орон сууцжуулах ажлын хүрээнд шинээр баригдах орон сууцанд орох иргэд, төрийн албан хаагчдыг ипотекийн зээлд хамруулах боломжтой эсэх асуудлаар,

Гуравдугаарт, Төрийн оролцоотойгоор олгогдож байгаа зээлийн талаар, зорилтот бүлэгтээ хүрсэн эсэх,

Дөрөвдүгээрт, Ард иргэдийн интернет банкны хэрэглээ, цахим үйлчилгээ, картны хүртээмжийн талаар хэлэлцэв.

МУ-ын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж,  эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан "АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ" энэ оны гуравдугаар сараас эхлэн арилжааны банкнуудаар дамжин олгогдож эхэлсэн. Ажлыг байрыг хадгалах зориулалттай, тус зээлд бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар олгоод байсан юм. Энэ талаар талууд мэдээлэл хүргэлээ.

Монгол банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Д.Болортунгалаг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хэнтий аймагт 204 ААН 44 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, 637 иргэнд 22,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт өгсөн талаар дурдаж,  132 ААН, иргэдийн нийт 9,8 тэрбум төгрөг судлагдаж байгаа, 116 ААН, иргэдийн 9,2 тэрбум төгрөгийн зээл шаардлагад нийцээгүй татгалзсан талаар мэдээллээ.

4-р сарын 30-ны дүнгээр 42 ААН-д 4,8 тэрбум төгрөгийн зээл, 127 иргэнд 4,1 тэрбум төгрөгийн зээл банкнуудаар дамжин олгогдсон, 7 ААН-ийн 1,5 тэрбум төгрөг, 14 иргэний 533 сая төгрөг, нийтдээ 2 тэрбум гаруй төгрөгийн зээлийн шийдвэр батлагдсан, олгохоор хүлээгдэж байгаа, ингэснээр ААН-үүдэд 121, иргэдэд 138 ажлын байр хадгалагдаж байна гэв.

ХААН БАНКНЫ ЗАХИРАЛ Б.АЛИМАА: “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ”  ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨНД ТУЛГУУРЛАСАН, АЖЛЫН БАЙРАА ХАДГАЛЖ ҮЛДЭХЭД ЗОРИУЛАГДСАН ЗЭЭЛ

Хаан банкны салбар Хэнтий аймагт 25 салбар нэгж,140 гаруй ажилтантай, экрпресс банкны 6 төвтэй. 24 АТМ, 3 киоск машин суурилуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Хаан банкны захирал Б.Алимаа өнөөдрийн байдлаар “Ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл”-д хамрагдсан 27 ААН-д 3,2 тэрбум төгрөгийн зээл, 38 иргэнд 1,1 тэрбум төгрөгийн зээл шийдвэрлэж олгосон. Шинээр зээлийн хүсэлтийг хүлээн авч байгаа. Засгийн газраас арилжааны банкнуудад тодорхой санхүүжилт тавьж өгсөн. Хаан банк системийнхээ хэмжээнд зээл нь тулчхаад байгаа учраас зээл олголт саарч байна. Иргэд, ААН зээлийн хүсэлтээ зээлийн дээд хязгаарт тулган ирүүлж байна. Хязгаарлагдмал эх үүсвэртэй, шалгууртай явагдаж байгаа учраас бүх хүнд олгогдох, хүссэн дүнгээр нь олгох боломжгүй. Монгол банкнаас тавигдаж байгаа шаардлага нь эргэлтийн хөрөнгөндөө тулгуурласан, ажлын байраа хадгалж үлдэхэд зориулагдсан учраас зээл хүсэгчийн хүссэн дүнгээс нь бага олгогдох явдал гарч байгаа. Энэ долоо хоногийн сүүлч, ирэх долоо хоногийн эхэнд дараагийн санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдэж, зээл олголт хэвийн үргэлжилнэ гэв.

Мөн тэрбээр Ажлын байрыг дэмжих зээл тоног төхөөрөмж авах, барилга байшин өргөтгөх, хөрөнгө оруулалтын гэх мэт зориулалтаар олгогдох боломжгүй. Өнөөдрийнхөө ажлын байрыг хэвээр нь хадгалж, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн авч явах, урд нь үүссэн өрөө барагдуулахад зориулагдаж байгааг дурдлаа.

ХАС БАНКНЫ ЗАХИРАЛ Н.ГЭРЭЛМАА: ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БИЙ, ЭРСДЭЛЭЭ ТООЦОЖ, ШАЛГУУРТАА НИЙЦҮҮЛЖ ОЛГОНО

Хас банкны захирал Н.Гэрэлмаа мэдээллийнхээ эхэнд Аймгийн Засаг даргад хандан /Ковид-19/ цар тахлын хатуу хөл хориотой үед ард иргэдээ бодож, банк, Улсын бүртгэлийн хэлтсээ ажиллуулан Засгийн газраас олгогдож буй “Ажлын байрыг дэмжих” зээл олгох шийдвэр гаргасанд талархал илэрхийллээ. Хөл хорионы үед Засгийн газраас олгож буй зээл хязгаартай учраас цаг хугацаа алдах, зээлд хамрагдахгүй байх эрсдэлээс сэргийлсэн оновчтой шийдвэрийг гаргасныг тэрээр цохон тэмдэглэв.

Тэрээр, Хас банк Чингис хотод салбартай, Бор-Өндөр суманд тооцооны төвтэй, нийт 20 гаруй ажилтантай ажиллаж байна. Таван АТМ, 80 гаруй "pos" машинтай. Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийн хүсэлтийг цахимаар авсан учраас маш их хүсэлт ирсэн. Ирсэн хүсэлтийн багагүй хувь нь хөдөө сумдаас ирсэн. Манай банк Хэрлэн, Бор-Өндөрт үйл ажиллагаа явуулдаг учраас бусад сумдын хүсэлтээс татгалзаж, одоогийн байдлаар 14 ААН-д 1,2 тэрбум төгрөг олгосон. Судалгаанд хүлээгдэж буй 2,2 тэрбум төгрөгийн зээл, батлагдаад гэрээ зурахад хүлээгдэж байгаа 3 тэрбум төгрөгийн зээл бий. Ажлын байрыг дэмжих зээлийг эргэлтийн хөрөнгөнд зориулсан зээл гэдгийг ойлгохгүй байгаагаас шалтгаалж, халамжийн мөнгө мэтээр олгох ёстой гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Зээлийн эх үүсвэр бий, эрсдэлээ тооцож шалгуураа чухалчилж олгоно гэв.

ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Б.ЮУЧБИШ: ТАВАН СУМАНД НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Төрийн банкны салбар 21 тооцооны төв, 7 АТМ, 98 ажилтантай. “Ажлын байрыг дэмжих” зорилгоор 51 иргэнд 1 тэрбум 633 сая төгрөгийн зээл, хоёр ААН-д 160 сая төгрөгийг олгоод байна. Шийдвэр нь гараад олгогдохоор хүлээгдэж байгаа 7 иргэний 233 сая төгрөгийн зээл хүлээгдэж байна.  Судлагдаж байгаа 33 иргэний 1,4 тэрбум төгрөгийн зээл, 7 ААН-ын 943 сая төгрөгийн зээл бий. Шаардлага хангасан иргэн, ААН-ын зээлийг шийдвэрлэн ажиллаж байна. Ирсэн зээл батлагдахгүй буцах тохиолдол гардаг. Хөрөнгө оруулалтын зориулалтаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэлээ.

Мөр тэрбээр Жаргалтхаан, Биндэр, Баян-Адрага, Баянхутаг, Норовлин суманд ЗДТГ-ын дарга солигдсон учраас нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч, зээл олгоход хугацаа алдаж байгааг уламжлав.

Үүнийг тодруулбал, Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлд “Нотариатч ажиллаагүй сум, тосгонд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх талаар хуульчилсан. Тиймээс сумдад сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн, тосгонд Захирагчийн ажлын албаны дарга гүйцэтгэж ирсэн. Харин орон нутгийн сонгууль болсонтой холбогдуулан дээр дурдагдсан нэр бүхий таван сумын ЗДТГ-ын дарга нар солигдож,  түр орлон гүйцэтгэгч нар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд зэргэлдээ сумын ЗДТГ-ын дарга нар 14 хоногт нэг удаа зорчин очиж нэг өдөр ажиллаж ирсэн байна.

Иймээс аймгийн Засаг дарга саналыг хүлээн авч, тухайн сумдад ЗДТГ-ын дарга нар томилогдтол зэргэлдээ сумдын ЗДТГ-ын дарга нар 7 хоног бүр нэг өдөр ажиллаж, дээрх сумдын ард иргэдийн асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

МАЛЧДЫГ ДЭМЖИХ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЗОРИУЛАГДСАН ЗЭЭЛ ОРОН НУТАГТ ОЛГОГДОЖ БАЙНА

Үүнчлэн банкнуудад Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдсэн байна. Тухайлбал Улсын хэмжээнд,

  1. Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,  
  2. Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
  3. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ноолуур бэлтгэх аж ахуйн нэгж, ноолуурын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгох бөгөөд манай аймагт ноолуурын үйлдвэрлэлийн чиглэлийн ААН, байхгүйг Хаан банкны захирал Б.Алимаа мэдэгдлээ. Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна. Зээл жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх бөгөөд хаврын тариалалтад зориулагдсан, Ногоочид, үр тариалагчид, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хамрагдах боломжтойг мэдээлэв. Ингэхдээ ХХААХҮЯ-аас тодорхой шалгууруудыг тавьсан. Тариалангийн талбайн хэмжээ, хүлэмжийн м.кв гэх мэт шаардлага хангасан иргэн, ААН-ийн холбогдох судалгаанд үндэслэн зээл олгоно гэлээ.

Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдсэн. Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд шалгуур үзүүлэлт тавих чиглэлийг арилжааны банкнуудад хүргэжээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ