ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛЪЯ

2021.05.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Эрхэм хүндэт Хэнтийчүүд та бүхэндээ Монголын “Татвар төлөгчдийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. Монголын Татварын алба жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь 7 хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг уламжлал болгон тэмдэглэн өнгө...

Эрхэм хүндэт Хэнтийчүүд та бүхэндээ Монголын “Татвар төлөгчдийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

Монголын Татварын алба жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь 7 хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Үндэсний татварын алба 2021 оныг “Татвар төлөгчдийн боловсролын жил” болгон зарлаж татвар төлөгчдийн өдрүүдийг “Таны төлсөн татвар -Тахлыг давах дэм” гэсэн нэгдсэн уриатайгаар улс орон даяар цахимаар тэмдэглэж байна.

2021 оны эхний 4 сарын байдлаар Хэнтий аймгийн татвар төлөгч та бүхэн улсын төсөвт 1090,2 сая төгрөг, орон нутгийн төсөвт 6036,9 сая төгрөгийн татварыг төвлөрүүлжээ.

2021 оны хувьд халдварт цар тахлын улмаас улс орны хэмжээнд эдийн засгийн цоо шинэ харилцаа бий болж иргэн таны болон аж ахуйн нэгж байгууллагуудын маань төлсөн татвараар Монгол улсын айл өрх бүрийн гэрэл цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжаа төрөөс төлүүлж, Монгол улсын иргэн бүрт 300,0 төгрөг, вакцин хийлгэсний урамшуулалд 50,0 төгрөг болж хүрч иргэд татвар төлсний үр ашгаа хүртэж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Мөн Хэнтий аймаг татварын орлогыг үр ашигтай зарцуулах зорилгоор анх удаа давсан орлогоосоо сан байгуулж, сангийн хөрөнгөөр “Хэнтий орон сууц” ОНӨААТӨҮГ -ийг байгуулж иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хямд үнэтэй орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ нь татвар төлснийхөө үр ашгийг Хэнтий аймгийн ард иргэд хүртэж байгаагийн тод илрэл юм.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд татварын албанаас “Цахим татварын алба” болох зорилтыг хэрэгжүүлсний үр дүнд татвар төлөгч та бүхэн дэлхийн аль ч өнцөг булангаас татвар төлөгчөөр бүртгүүлэх, тайлангаа илгээх, татвараа төлөх боломж бүрэн бүрдсэн байна. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үзүүлэх, иргэдийн хөрөнгө мөнгө, цагийг хэмнэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Татвар төлөгч иргэд аж ахуйн нэгж та бүхнийхээ бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсээд дэлхий даяар тархаад буй Ковид-19 хэмээх цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед татвараа цахимаар төлж улс, орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа эрхэм татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ