СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНГҮЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 50-ААС ДЭЭШ НАСНЫ 3943 ХҮН ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНГАА ХИЙЛГЭЛЭЭ

2021.05.04
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Өчигдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинээр батлагдсан /2021.05.01, 02/ 8 тохиолдлын ойрын болон дам хавьтлын 19, хуваарьт 6, нийтдээ 25 шинжилгээ хийхэд бүг сөрөг г...

Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Өчигдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинээр батлагдсан /2021.05.01, 02/ 8 тохиолдлын ойрын болон дам хавьтлын 19, хуваарьт 6, нийтдээ 25 шинжилгээ хийхэд бүг сөрөг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагын 246 ажилтан вакцин хийж байгаа бөгөөд 50-аас дээш насны 14322 хүнээс 3943 хүн вакцины эхний тунгаа хийлгэжээ. Бор-Өндөр, Баян-Овоо, Батширээт, Дадал, Норовлин сумд шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудаа вакцины хоёр дахь тунгаа хийсэн. Өнөөдрөөс 50 буюу түүнээс дээш насны иргэдийг вакцинд хамруулж эхэлнэ.

Хэрлэн суманд төлөвлөгөөт вакцины хамрагдалт сайн байгаа учраас товлосон хугацаанаасаа өмнө дуусах боломжтойг сумын Засаг дарга мэдээллээ. Өчигдөр Чингис хотод 50 буюу түүнээс дээш насны 1950 хүнийг вакцинд хамруулсан бөгөөд өнөөдөр 1220 хүнийг хамруулна гэв.

Үүнчлэн өнөөдөр Чингис хотод нэг цэг нэмэлтээр байгуулж, 16 цагаас хойш вакцины эхний тунгаа аваагүй төрийн албан хаагчдыг хамруулах, 5 дугаар сарын 5-нд ААН, үйлчилгээний байгууллагын ажилтнууд, цаашлаад 35-49, 18-35 насны ард иргэдээ хамруулж эхлэх зохион байгуулалтыг хийх боломжтой гэж Шуурхай штабын хурлаар хэлэлцлээ.

Энэ талаар бид эргэн мэдээлнэ.Аймгийн хэмжээнд банк санхүү, худалдаа үйлчилгээний салбар, барилга, газар тариалан, ахуйн үйлчилгээ, такси үйлчилгээ, хөдөө аж ахуй, бүх төрлийн засвар үйлчилгээний гэх мэтчилэн нийт вакцинд хамруулах 4371 хүн, үүнээс Хэрлэн суманд 2500 хүн байгааг штабын хурлаар танилцуулж, вакцинжуулалтын хуваарийг гаргаж байна.

Хүнсний гол 8 төрлийн барааны үнэ тогтвортой, 3 нэр төрлийн барааны үнэ нэмэгдсэн, 3 нэр төрлийн барааны үнэ буурсныг Статистикийг хэлтсээс мэдээллээ.Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, вакцинжуулалтын ажил урагштай явж буйг сайшаагаад Чингис хотын ААН, байгууллагын үйлчилгээнд хяналт тавьж, 5-р сарын 8-ны өдрөөс үйл ажиллагааг нь нээхэд халдвар хамгааллын дэглэм, холбогдох журмаар зохицуулагдсан үйлчилгээний стандартыг баримтлаад ажиллахад бэлэн эсэхийг шалгах үүрэг өглөө.

Мөн улаан бүсээс тусгай чиг үүргээр нэвтрэх хөдөлгөөн, сум хоорондын хөдөлгөөн, Шуурхай штабын өргөдөл гомдлыг хөнгөвчлөх үүднээс нэвтрүүлсэн “RC” программын хэрэгжилтийг шалгаж, сайжруулах арга хэмжээ авахыг Засаг даргын орлогч Ц.Чогсомжавд үүрэг болгов.