ХҮРГЭЛТЭЭС БУСАД ХӨДӨЛГӨӨНИЙГ 13:00 ЦАГААС ХОЙШ ХЯЗГААРЛАНА

2021.04.26
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хориог тогтоосон өдрүүдэд Аймгийн Засаг дарга өдөр бүр гаргасан шийдвэртээ хяналт тавьж, Чингис хотын хөл хорионы байдал, хөдөлгөөнтэй биечлэн танилцаж ирсэн...

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хориог тогтоосон өдрүүдэд Аймгийн Засаг дарга өдөр бүр гаргасан шийдвэртээ хяналт тавьж, Чингис хотын хөл хорионы байдал, хөдөлгөөнтэй биечлэн танилцаж ирсэн.

Өнөөдрөөс эхлэн 09:00-13:00 цагийн хооронд төрийн зарим байгууллагууд нийт ажиллагсдынхаа 5-30 хүртэл хувийг ажиллуулж эхэлсэн, арилжааны банкнуудын автомат тооцооны машинууд /АТМ/ дээрх цагт үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Чингис хотын авто замын хөдөлгөөн, явганаар зорчих хөдөлгөөнтэй танилцлаа.

Үүнчлэн банкны гадаа бөөгнөрөл үүсгэж буй байдалтай газар дээр нь танилцаж, иргэдтэй санал солилцоход Засгийн газраас олгогдсон 300 мянган төгрөг нь өөрийн харилцахаар өөр дансанд шилжсэн, авч чадахгүй байгаа иргэд багагүй хувийг эзлэж байв. Тэрбээр энэ асуудлаар банкны удирдлагуудтай зөвшилцөхөөр боллоо.

/Иргэн та 300,000 төгрөгийн мөнгөн тусламжийг өөрийн аль дансанд орсон тухай мэдээллийг шалгах бол https://ebarimt.mn/300 холбоосоор хандан мэдэх боломжтой/Харин хууль хяналтын байгууллагаас банк орох нэрийдлээр айл хэсэх, сэлгүүцэх байдал ажиглагдсан, авто тээврийн зөвшөөрөлгүй хөдөлгөөн ихэссэнийг хууль мэдээлэв.

Тиймээс тэрбээр Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсайханд өдрийн 13:00 цагаас хойш хүргэлтийн үйлчилгээнээс бусад хөдөлгөөнийг хязгаарлах, хатуу хөл хорионы үед тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ