АМАРЖСАН ЭЭЖҮҮД ЧИНГИС ХОТОД ОЧИХ ХАЯГГҮЙ БОЛ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ БАЙРЛУУЛНА

2021.04.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ИРГЭДИЙН_САНАЛ_ХҮСЭЛТИЙГ_ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр аймгийн Засаг дарга иргэдээс асуулт авч, оройн 21:00 цагаас мэдээлэл хийсэн. Тухайн үеэр хөдөө орон нутгаас ирж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт амаржсан эхчүүдээс 30 гаруй асуулт, санал...

#ИРГЭДИЙН_САНАЛ_ХҮСЭЛТИЙГ_ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өчигдөр аймгийн Засаг дарга иргэдээс асуулт авч, оройн 21:00 цагаас мэдээлэл хийсэн. Тухайн үеэр хөдөө орон нутгаас ирж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт амаржсан эхчүүдээс 30 гаруй асуулт, санал хүсэлт ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэлд, амаржсан эх, хүүхдийг Чингис хотод ах дүү, хамаатан саданд нь хүргэж өгөх, хэрвээ таних айлгүй, очих хаяггүй бол энэ сарын 25-ны өдрийг хүртэл Нэгдсэн эмнэлэгт байрлуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг баримталж, хоол хүнсээр хангаж, ая тухтай байлгахыг даалгалаа.

Хатуу хөл хориотой холбогдуулан Чингис хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан. Бор-Өндөрөөс бусад сумдаас аймгийн Нэгдсэн Эмнэлэгт эрүүл мэндийн шалтгаанаар жирэмсэн эхчүүд ирж амаржиж байгаа. Тиймээс эх хүүхдийг, сумдыг эрсдэлд оруулалгүй, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан учир дээрх шийдвэрийг гаргажээ.

Аймгийн НЭ-ийн дарга Д.Оюунгэрэл өглөө Шуурхай штабын хурлаар Хэрлэн сумын иргэдээс амаржсан эхчүүдийг цар тахлын халдвар авсан байж болзошгүй гэсэн хардлага, гэртээ байлгахгүй гэсэн хүсэлтүүд Эрүүл мэндийн байгууллагад ирээд байгаа. Эндүү ташаа ойлголттой иргэд байна. Нэгдсэн эмнэлгээс хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүд, эхчүүдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсны үндсэн дээр хүргэж байгааг мэдээлэв.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ