Ц.ИДЭРБАТ: ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХОЁР ХУВИЛБАРААР ГАРГАСАН, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНААС ШАЛТГААЛЖ ЦААШДЫН АРГА ХЭМЖЭЭ ТОДОРХОЙ БОЛНО

2021.04.15
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга өнөөдөр Коронавирусын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар 20:00 цагт мэдээлэл хийсэн. Тоймолбол, Халдвартын тасагт 12 хүн эмчлүүлж байгаагаас 9 нь хөнгөн, 2 хүндэвтэр, 1 хүний биеийн байд...

Аймгийн Засаг дарга өнөөдөр Коронавирусын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар 20:00 цагт мэдээлэл хийсэн.

Тоймолбол, Халдвартын тасагт 12 хүн эмчлүүлж байгаагаас 9 нь хөнгөн, 2 хүндэвтэр, 1 хүний биеийн байдал хүнд байгааг дуулгаж, Хэнтий аймагт бүртгэгдсэн 29 тохиолдлоос Бор-Өндөр суманд 11, Хэрлэн суманд 12, Цэнхэрмандал суманд 1, Хэрлэнбаян-Улаан тосгонд 4 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн.

Коронавирусын халдвар авсан иргэдийн гэр бүлийн гишүүдэд халдвар эрчимтэйгээр тархаж байгаа. Тиймээс цаашид тусгаарлах байрыг ойрын хавьтал болсон иргэдэд санал болгохыг тэрбээр мөн мэдээллээ.

Хэрлэн суманд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 70, дам хавьтал 250 гарсныг тандалт судалгааны баг тогтоогоод байна. Өнөөдөр Цэнхэрмандал сумаас 45 хүний PCR шинжилгээний сорьц ирж, гурав дахь удаагийн тандалтын шинжилгээ хийгдэх юм байна. Хариу сөрөг гарвал хөл хорионы дэглэм суларна.

Маргааш Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоноос ойрын болон дам хавьтлуудын шинжилгээний сорьц ирэх бөгөөд Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын хавьтлуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Маргааш аймгийн Онцгой Комисс хуралдаж, Шуурхай штабын Эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлтийн бүлгийн дүгнэлтийг үндэслэж, хариу арга хэмжээний төлөвлөлт, цаашдаа авах арга хэмжээ тодорхой болохыг мэдээлсэн. Урьдчилсан байдлаар Шуурхай штабаас хоёр хувилбар гаргаж хариу арга хэмжээний төлөвлөлт хийгээд байна.

Нэгдүгээрт, Хэрлэн сумын ойрын хавьтал 70, дам хавьтал 250 хүний шинжилгээний хариу сөрөг гарвал хатуу хөл хорионы дэглэмээ сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэглэмийг мөрдөнө. Тэгэхдээ Хэрлэн сумын ойрын болон дам хавьтал болсон 300 гаруй хүнийг гэр бүлийнх нь гишүүдийн хамт тусгаарлах шаардлага гарч буйг дуулган, төрийн албан хаагчдыг дайчилж, хяналт тавих аж. Нөгөөтээгүүр тусгаарлах байранд өөрийгөө тусгаарлах саналыг дэвшүүлж буйг дээр мэдээлсэн.

Хоёрдугаарт, цаашид халдвар нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрвэл, хүнс, түлээ нүүрс, усан хангамж, эмийн хүргэлт явагдаж, хатуу хөл хориог энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлүүлнэ гэв.

Гаднаас ирэх иргэдийн хяналт, тусгаарлах байр, Шуурхай штабын бүрэлдэхүүний талаар өнөөдөр мөн шуурхай штаб, Онцгой комиссын 12 дугаар хуралдаанаар хэлэлцсэн.

Маргааш Онцгой комиссын 13 дугаар хуралдааны дараа нэгдсэн шийдвэрээ хүргэхийг эх сурвалж дуулгалаа.Ард иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гэртээ байхыг Шуурхай штабаас анхааруулж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ