ХЭРЛЭН СУМАНД ШИНЭЭР КОРОНАВИРУСЫН ХОЁР ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ, НИЙТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛ 29 БОЛЛОО /2021.04.15/

2021.04.15
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штаб өглөө бүр 08:00 цагт хуралдаж Коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалан хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өчигдөр тандалт судалгааны багаас тодорхойлсон ойрын хавьтал 46, нийтдээ 67 хүн...

Аймгийн Шуурхай штаб өглөө бүр 08:00 цагт хуралдаж Коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалан хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Өчигдөр тандалт судалгааны багаас тодорхойлсон ойрын хавьтал 46, нийтдээ 67 хүнээс PCR шинжилгээ авахад өнөөдөр үүрээр /03:15 цагт/ хоёр тохиолдол эерэг гарч, батлагджээ.

Энэ нь Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн гэж эх сурвалж мэдээллээ. Ингэхээр Хэнтий аймагт нийтдээ 29 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 17 нь эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжээд байна гэсэн үг.

Хэрлэн суманд батлагдсан тохиолдлуудын нийт хавьтлыг ойрын 47, дам 157 гэж тандалт судалгааны баг /өглөө 09:00 цагийн байдлаар/ тогтоогоод байна. Шинээр халдварын тохиолдлууд илэрч байгаатай холбогдуулан голомтыг тодорхойлох, тандалт хийх ажил үргэлжилж байна.

Аймгийн хэмжээнд нийт 62 хяналтын цэгт Цагдаагийн газрын 98, ОБГ-ын 13 алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 21 сонсогч, 113 төрийн албан хаагч хяналт тавин ажиллаж байна. Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд хорио цээрийн дэглэм зөрчсөн 3 зөрчил гарч, зөрчил хянан шийдвэрлэх шатандаа явж байна.Хэрлэн сумын Шуурхай штабаас багийн хөдөлгөөнт эргүүл 6 автомашинтай гарч, эмийн эргэлтийн сангаас 6 автомашинтай хүргэлт хийж байна гэлээ.

Мэргэжлийн хяналтын газраас 25 объектын 6160 м.кв талбайд ЗӨСТ ариутгал халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажиллажээ.Өнөөдөр Цэнхэрмандал сумын батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон 27 иргэнээс давтан PCR шинжилгээ авах аж.

Штабын хурлаар Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат МСҮТ-д байрлаж буй Шуурхай штабын байранд Эрсдэлийн үнэлгээ төлөвлөлтийн баг, Дэмжлэгийн багийг гишүүдийг байрлуулж, хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар боллоо.

Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон иргэдэд Хэрлэн сумын Шуурхай штабаас төрийн албан хаагчид томилгоожуулан 24 цагаар хяналт тавьж ажиллуулах, Мэргэжлийн хяналтын газарт давхар хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Үүнчлэн НЭ-ийн Халдвартын тасгийн орчинг тохижуулах, вакцинд хамрагдах иргэдийн судалгааг гарган ажиллахыг ЭМГ-ын даргад үүрэг болголоо.

Үүнчлэн цаг агаарын хүндрэлтэй холбогдуулан түлээний хүргэлтийг явуулж эхэллээ. Улаанбаатар хот руу хүнс тээвэрт явах тусгай үүргийн автомашиныг өнөөдөртөө хязгаарлаад байна.Цагдаагийн газраас Улаанбаатар хотоос болон халдвартай бүс нутгаас Хэнтий аймаг руу нэвтрэх баталгаат замын зураглалыг гаргаж, 4 цэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах цэгийг тодорхойлсон маршрут зураглалыг Шуурхай штабаар хэлэлцүүллээ. Аймгийн Онцгой комисс үүнтэй холбогдуулан өнөөдөр 16:00 цагт хуралдана.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ