Ц.ИДЭРБАТ: ХАЛДВАРЫН ГОЛОМТОО ХУМЬЖ, ГАДНААС ИРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА /2021.04.14/

2021.04.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр орой /20:00 цагт/ аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Хэрлэн сумын сэжигтэй 2 тохиолдол нарийвчилсан /PCR/ шинжилгээгээр батлагдаж, нийт коронавирусын батлагдсан то...

Өнөөдөр орой /20:00 цагт/ аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Хэрлэн сумын сэжигтэй 2 тохиолдол нарийвчилсан /PCR/ шинжилгээгээр батлагдаж, нийт коронавирусын батлагдсан тохиолдол 27 болж буйг дуулгалаа. Өөрөөр хэлбэл Хэрлэн суманд өчигдөр 2, өнөөдөр ойрын хавьтал болсон 2 сэжигтэй тохиолдол батлагдаж, 4 тохиолдол нэмэгдлээ гэсэн үг.

Шинжилгээний сорьцуудыг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид хүргүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд нийтдээ 17 иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн.Өнөөдөр Тандалт судалгааны багаас батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал болсон 46 иргэнийг тодорхойлж, улмаар PCR шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу маргааш үүрээр /04:00-05:00 цагт/ гарна.Коронавирусын халдварын тархалтыг зогсоох гол арга хэмжээ бол хатуу хөл хорио тогтоож, голомтыг хумьж барих гэдгийг Аймгийн Засаг дарга мэдээлээд цаашид тархалтыг хумих тал дээр шийдэмгий арга хэмжээ авахаа илэрхийлээ.

Үүнчлэн ойрын хавьтал болсон иргэдийн шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорионы дэглэм, хариу арга хэмжээг төлөвлөнө. Тэгэхдээ хүнсний хүргэлтийг олон хоногоор зогсоох боломжгүй гэв.

Улаанбаатар хот болон халдвартай голомтот бүс нутгаас PCR шинжилгээтэй тусгай үүргээр /хүнс тээвэр, эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, албан томилолт/ ирж буй иргэдээс түргэвчилсэн оношлуурыг төлбөртэй авах талаар тэрбээр мөн мэдээллээ.

Журмын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд удахгүй танилцуулах юм байна.Хөл хориог зөрчиж халдвар тархаасан, баталгаат бус замаар нэвтэрч халдвар зөөвөрлөсөн, гэрийн ажиглалтын дэглэм зөрчиж тархаасан зэрэг халдварыг тархаах нөхцөл байдал үүсгэсэн тохиолдлуудыг зөвхөн зөрчлийн хуулиар торгоод өнгөрөх биш, цаашид хуулийн хүрээнд хатуу арга хэмжээ авахаар болж байна. Хариуцлагын асуудалтай холбогдуулан Шуурхай штабын дэргэд ажлын хэсэг мөн байгуулагджээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ