ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОНД НЭГ ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ, АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ 4 БҮРТГЭГДЛЭЭ

2021.04.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр 16:00 цагт аймгийн шуурхай штаб хуралдаж, хуралд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Мөрөн, Цэнхэрмандал, Бор-Өндөр, Дэлгэрхаан сумын удирдлагууд цахимаар оролцлоо. Хэрлэнбаян-Улаан тосгонд батлагдсан гурван тохиолдлын ой...

Өнөөдөр 16:00 цагт аймгийн шуурхай штаб хуралдаж, хуралд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Мөрөн, Цэнхэрмандал, Бор-Өндөр, Дэлгэрхаан сумын удирдлагууд цахимаар оролцлоо.

Хэрлэнбаян-Улаан тосгонд батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал болсон нэг иргэнээс өчигдөр оройPCR шинжилгээ авахад хариу эерэг гарч батлагджээ. Тухайн иргэнийг аймгийн НЭ-ийн Халдвартын тасагт авчран эмчилж байна. Үүнчлэн Бор-Өндөр сумаас нэг, Мөрөн сумаас нэг, Хэрлэн сумаас хоёр иргэн, нийт дөрвөн сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр мэдээллээ.

Өөрөөр хэлбэл түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан үг. Эдгээр иргэдээс нарийвчилсан /PCR/ шинжилгээний сорьц авсан. Үдшийн 23:00 цагт аймгийн НЭ-ийн Молекул биологийн лабораторид шинжилгээний хариу гарна гэж эх сурвалж мэдэгдлээ.Дэлгэрхаан суманд ажилласан аймгийн ажлын хэсэг шуурхай штабын хурлаар танилцуулга хийлээ.

Хэрлэнбаян-Улаан тосгонд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 31, дам хавьтал 114 хүн, Дэлгэрхаан суманд ойрын хавьтал 27 дам хавьтал 241 хүн бүртгэгджээ Сум, тосгоны эмнэлэгт ойрын хавьтал болсон тус бүр нэг хүн тусгаарлалтад байгаа аж. Мэргэжлийн байгууллагын ажилтнууд Хэрлэнбаян-Улаан тосгоныг халдварын өндөр эрсдэлтэй гэж тодорхойлжээ.

Эрсдэлийн үнэлгээний нэгдсэн дүнг Шуурхай штабт удахгүй танилцуулах юм байна.Аймгийн Засаг дарга Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоноос ирүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдөр хамгаалалтын хувцас, амны хаалт, ариутгалын бодис, шаардлагатай зардалд хоёр сая төгрөгийг шийдвэрлэн өгч, сумын Засаг дарга Э.Төгөлдөрт Хэрлэнбаян-Улаан тосгонд анхаарал тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Өнөөдөр бүртгэгдсэн Мөрөн, Бор-Өндөр сумын сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарчээ. Хэрлэн сумын сэжигтэй хоёр тохиолдлын хавьтлуудыг тодорхойлохоор Шуурхай штабын тандалт судалгааны баг ажиллаж байна.

Штабын хурлаар цаашид хяналтын цэгүүдийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотоос тусгай үүргээр /Буяны ажил, хүнс тээвэр, албан томилолт, эрүүл мэндийн шалтгаан/ орж ирж буй иргэдээс түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ авах, эрүүл мэндийн газарт түргэвчилсэн оношлуур нөөцлөх зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ.

Иргэд олон нийтийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, гэрээсээ гарахгүй байхыг Шуурхай штабаас анхааруулж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ