АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР ХЭРЛЭН, ДЭЛГЭРХААН СУМАНД 7 ХОНОГИЙН ТУРШ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

2021.04.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Хэрлэн суманд хоёр тохиолдол, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгонд гурван тохиолдол батлагдсантай холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, Шуурхай штабын Хариу арга хэмжээний баг, Тандалт судалгааны баг,...

Өнөөдөр Хэрлэн суманд хоёр тохиолдол, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгонд гурван тохиолдол батлагдсантай холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, Шуурхай штабын Хариу арга хэмжээний баг, Тандалт судалгааны баг, Эрсдэлийн үнэлгээний багийн саналыг үндэслэж, аймгийн Засаг даргын “Хөл хорио тогтоож урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/175 дугаар захирамжаар дараах шийдвэрийг гаргаж байна.

1. Хэрлэн, Дэлгэрхаан сумдад Коронавируст халдвар /COVID-19/-ын шинэ голомт батлагдсан тохиолдол илэрсэн тул дээрх хоёр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хатуу хөл хориог 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд тогтоож холбогдох журмыг хангуулж ажиллахыг Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

2. Коронавируст халдвар /COVID-19/-ын батлагдсан тохиолдлын хавьтал бүхий иргэдийн судалгааг гаргаж, түргэвчилсэн болон ПГУ-ын шинжилгээнд хамруулж хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, Тагнуулын хэлтэс /дэд хурандаа Н.Алтангэрэл/, Хэрлэн, Дэлгэрхаан сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.

3. Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдэд түлш, ус, нэн шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээний бараа, эм, эмийн бүтээгдэхүүнийг хүргэлтээр хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг дээрх сумдын Засаг дарга нарт даалгалаа.

4. Бүх нийтийн бэлэн байдлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, аймаг сумдын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхийг нийт иргэдэд, бараа үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгон ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо.

5. Зөвшөөрөлгүй болон батлагдаагүй замаар зорчсон, хуурамч бичиг баримт ашигласан, асуумжийг худал мэдүүлсэн зэрэг зөрчил гаргасан иргэдийг шалгаж шийдвэрлүүлэх, шалган нэвтрүүлэх цэгүүдийн хяналтыг чангатгаж ажиллахыг Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Б.Батсайхан/-т үүрэг болголоо.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /хурандаа Ж.Эрдэнэбат/-д тус тус даалгалаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ