ХЭРЛЭН СУМЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДТАЙ ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛСОН ИРГЭДЭЭС ТҮҮВРИЙН АРГААР 3 ДАХЬ ДАВТАН ШИНЖИЛГЭЭГ АВАХААР БОЛЛОО

2021.04.08
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штаб өнөөдөр 11 цагаас /Ковид-19/-ийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит хурлаа хийлээ. Хуралд аймгийн Засаг Ц.Идэрбат, Бор-Өндөр, Цэнхэрмандал сумын Засаг дарга нар цахимаар оролцлоо. Коронавирусын халдвар ...

Аймгийн Шуурхай штаб өнөөдөр 11 цагаас /Ковид-19/-ийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит хурлаа хийлээ. Хуралд аймгийн Засаг Ц.Идэрбат, Бор-Өндөр, Цэнхэрмандал сумын Засаг дарга нар цахимаар оролцлоо.

Коронавирусын халдвар авсан Хэрлэн сумын 7, Бор-Өндөр сумын 7, нийт 14 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалт, тусгаарлалтад нийт 698 хүн байна. Баталгаат бус замд 25 зам нийт 29 пост гарган Цагдаагийн газар, ОБГ-ын 200 гаруй албан хаагч ажиллаж байна.

Архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосноос хойш /2021.03.26/ Биндэр суманд гар дээрээс худалдан борлуулсан хоёр зөрчил гарсан байна. Аймгийн Цагдаагийн газраас иргэдийн гомдол саналын дагуу Прокурорын зөвшөөрөлтэйгөөр гар дээрээс согтууруулах ундаа худалдсан Хэрлэн сумын иргэн Х-ийн гэрт нэгжлэг хийж, согтууруулах ундааг хураан авч, холбогдох арга хэмжээг авчээ. Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал болж, гэрийн тусгаарлалтад байгаа Хэрлэн сумын 139 иргэнээс 20 нь гэрээсээ гарч дэглэм зөрчсөн бөгөөд Цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх шатандаа явж байгааг мэдээллээ.

Хэнтий аймагт 1885 хүн Вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалт хуваарийн дагуу явагдаж байгааг Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ. Мэргэжлийн хяналтын газраас Вакцинжуулалтад хяналт тавин ажиллаж байна.

Шуурхай штабын хурлаар Аймгийн Засаг дарга цаашид ард иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний байгууллагын ажилчдын судалгааг гаргаж вакцинжуулах шаардлагатайг онцоллоо. Үүнтэй холбогдуулан Хэрлэн сумын Шуурхай штабыг судалгаа гаргах үүрэг өгөв. Өнөөдөр тус сумаас хүнс тээврийн үйлчилгээ явуулж байгаа 50 жолоочид вакцины эхний тунг хийж байна.

Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал болсон 139 иргэнээс хоёр удаагийн шинжилгээ авахад сөрөг гарсан. Тэгвэл өнөөдрийн хурлаар Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг үндэслэн эдгээр иргэдээс гурав дахь шинжилгээг түүврийн аргаар авахаар боллоо. Иймээс гэрийн тусгаарлалтын хугацааг энэ сарын 9-ний өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт нийт 625 түргэвчилсэн оношлуур 250 PCR шинжилгээний нөөц бий. Эрүүл мэндийн яамнаас PCR шинжилгээний 3000 урвалж захиалсан гэнэ. Аймгийн Засаг дарга эрсдэлээ тооцож Эрүүл мэндийн газрыг эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийнхээ нөөцийг бэлтгэхийг даалгалаа.

Өнөөдрийн хурлаар Шуурхай штабын Мэдээлэл технологийн баг штабын RC-21 буюу штабын ажлыг цахимжуулах программын схем зураг, пункцуудын танилцуулгыг штабын бүрэлдэхүүнд танилцууллаа. Цаашид мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлтийг нь авч, ажил хэрэг болгох үүргийг Аймгийн Засаг дарга өглөө.

Бор-Өндөр суманд вакцинжуулалт өчигдрөөс эхэлсэн. Маргааш Бор-Өндөр УБҮ-ийн ажилчдыг вакцинжуулах 1500 вакцины тун ирэх юм байна.

Цэнхэрмандал сумын Шуурхай штабаас батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 50, дам хавьтал болсон 188 хүнийг гэрийн тусгаарлалтад аваад байна. 4 дүгээр сарын 5-нд ойрын хавьтал 52 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсныг сумын Засаг дарга дуулгалаа. Харин өнөөдөр 60 хүнээс PCR шинжилгээ авч байна. Тус сумын Шуурхай штабын хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Ц.Идэрбат шаардлагатай хоёр сая төгрөгийг өнөөдөр шийдвэрлэж өглөө.

Шуурхай штабын хурлаар Аймгийн Онцгой комиссыг 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гарна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ