Мэдээ мэдээлэл
МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ “ЗӨГИЙН ҮҮР” ХӨТӨЛБӨР ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ
Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал салбарууд дахь дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, чадавхжуулах зорилгоор Хэнтий аймагт “Зөгийн Үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн эхлэх гэж буйг өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат танилцууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд “Мэргэжилтэнтэй ажилтан бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх” журмыг боловсруулах ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатараар ахлуулан салбар салбарын төлөөлөл 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Тус ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж журмыг боловсруулжээ.
Журмын хүрээнд аймгийн байнгын оршин суугч, Орон нутагтаа сүүлийн 5 жилээс дээш үр бүтээлтэй ажилласан иргэн, Төрийн албан хаагч /сахилгын шийтгэл аваагүй байх/, Оюутнуудыг /голч дүн 2,8 болон түүнээс дээш байх/, хөтөлбөрт хамруулах юм байна.
Тухайлбал, журмын хүрээнд:
- Орон нутагт шаардлагатай болон дутагдалтай мэргэжлээр дотоодын их дээд сургуулийн 3, 4 дүгээр курсэд суралцаж байгаа оюутнуудад тусгайлсан гэрээний үндсэн тэтгэлэг олгох,
- Орон нутагт дутагдалтай мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжил олгох коллежид хөрвөж мэргэжил эзэмших, мэргэших иргэн, ААН, байгууллагын ажилтан, төрийн албан хаагчдыг захиалгат сургалтад хамруулах,
- ААН, Байгууллага, Төрийн албан хаагчдыг богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулж, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд тэтгэлэг олгох,
- Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг шаардлагуудыг тавьжээ.
Хөтөлбөрийн санхүүжилтийг орон нутгийн төсөв, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагын санхүүжилт, бусад эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх “ЗӨГИЙН ҮҮР” хөтөлбөрийн нээлт ирэх долоо хоногт болох бөгөөд, иргэдийн бүртгэлийг нээлттэйгээр зохион байгуулах юм байна.