“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН -2021” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021.04.05
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Сумдын мэдээ
Жил бүрийн 4-р сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан билээ. Манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөр...

Жил бүрийн 4-р сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан билээ.

Манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “ХАБЭА-н сарын аян” өрнүүлж, жил бүрийн 4-р сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж иржээ.

Тэгвэл энэ жил олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя”  – ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” арга хэмжээг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн зохион байгуулж байгааг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн нарийн бичгийн дарга  Д.Баярмаа мэдээллээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо нь ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Тус хороо нь аймгуудад салбар зөвлөлтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав ажилладаг. Төр, хувийн хэвшлээс нийтдээ 13 гишүүнтэй байгуулагдсан зөвлөл аж.

Хэнтий аймгийн ХАБЭА-н сарын аяны хүрээнд, болон энэ онд дараах ажлуудыг төлөвлөжээ.

·         Сум баг, тосгон, албан байгууллага, Аж ахуйн нэгжүүдийн ХАБЭА-н орон тооны болон орон тооны бус зөвлөлд онлайн сургалт зохион байгуулах,

·         Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар иргэн, ААН, албан байгууллагад ажлын байранд эрсдэлгүй ажиллах, урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх,

·         Орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих ХАБЭА-н заваар зөвлөгөө өгч ажиллах,

·         Хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгч иргэн, малчид жижиг дунд үйлдвэр, хоршоо, нөхөрлөлийн ажилтнуудад ХАБЭА-н сургалт хийх,

·         Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах,

·         Бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдэд ХАБЭА, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах,

·         Ажлын байрны нөхцөлд судалгаа хийх,

·         Эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцөлийг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг тэргүүний байгууллага хамт олныг шалгаруулан, туршлагыг олон нийтэд дэлгэрүүлж, таниулах зэрэг арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.