БОР-ӨНДӨР СУМАНД ТАВАН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БҮРТГЭГДСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АЙМГИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ БАГ ХҮЧ НЭМЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2021.04.03
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр 14:00 цагаас аймгийн Шуурхай штаб Бор-Өндөр суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүссэн нөхцөлийг тодруулбал, Бор-Өндөр сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлу...

Өнөөдөр 14:00 цагаас аймгийн Шуурхай штаб Бор-Өндөр суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Үүссэн нөхцөлийг тодруулбал, Бор-Өндөр сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас давтан PCR шинжилгээ авахад 5 тохиолдол эерэг гарсныг Шуурхай штабаас мэдээллээ.

Тиймээс тус сумын Онцгой комиссоос хөл хориогоо чангатгаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 17-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжих шийдвэрийг гаргаад байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаас /ар гэрийн гачигдал, хүнс тээвэр, албан томилолт, эрүүл мэндийн шалтгаан/ бусад тохиолдолд Бор-Өндөр хотоос гарах, орох хөдөлгөөнийг, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах цехийн үйл ажиллагаа болон бусад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүдийн үйл ажиллагааг дээрх хугацаанд хязгаарлажээ.

Тус суманд шинээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг гэр бүлийн хамт 14 хоног ажиглалтад авсан байна. Банк, харилцаа холбооны байгууллага, Хүнсний дэлгүүрийг цагийн хязгаарлалттай ажиллуулах, гэрийн ажиглалтад байгаа иргэд, алслагдсан багийн малчдад хүнсний хүргэлт хийх зэрэг зохион байгуулалтыг хийгээд байна. Бор-Өндөр сумын Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудаас бусад төсвийн байгууллагыг дээр заагдсан хугацаанд 10 хувийн бүрэлдэхүүнтэй ажиллуулах юм байна.

Аймгийн Шуурхай штабын Тандалт судалгааны баг Бор-Өндөрт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тандалт судалгаа хийх, холбогдсон зардлыг шийдвэрлэх, хил залгаа Дархан, Баянмөнх сумдын гэрийн ажиглалтад байгаа иргэдээс дахин шинжилгээ авах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Үүнчлэн эрсдэлтэй байгаа Хэрлэн суманд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас PCR шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Тухайлбал, эмнэл зүйн шинжээс шалтгаалан өнөөдөр 28, маргааш 50 PCR шинжилгээ авах аж.

Хэрлэн сумын батлагдсан таван тохиолдлын ойрын хавьтал болсон 139 иргэнийг гэр бүлийнх нь хамт гэрийн ажиглалтад авч, хяналт тавин ажиллаж байгаа. Хурлын үеэр Цагдаагийн газраас ойрын хавьтал болсон хүмүүс гэрээсээ гарч байгаад баригдсан бөгөөд тэдэнд хуулийн хүрээнд арга хэмжээ авах талаар дурдлаа.

Цаашид хүнсний тээврээр ирсэн хүнсийг ариутгал хийж нэг цэгээс хүргэх, Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавьж буй Хэрлэн сумын төрийн албан хаагчдын бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, Мэргэжлийн хяналтын газраас тандах, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ