МЭНДЧИЛГЭЭ

2021.03.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хүний эрүүл мэндийг хамгаалж, амь насыг нь авардаг буянтай мэргэжил эзэмшин өөрийнхөө мэдлэг, туршлагаа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зориулсан үе үеийн эмч нар, эрүүл мэндийн салбар ажилтан, албан хаагч нартаа Олон улсын э...

Хүний эрүүл мэндийг хамгаалж, амь насыг нь авардаг буянтай мэргэжил эзэмшин өөрийнхөө мэдлэг, туршлагаа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зориулсан үе үеийн эмч нар, эрүүл мэндийн салбар ажилтан, албан хаагч нартаа Олон улсын эмч нарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Халдварт коронавирус аймаг орон нутагт бүртгэгдэж, хөл хорио тогтоосон хүнд хэцүү цагт ээлжгүй ажиллаж, эмчийн тангарагтаа үнэнч зүтгэж яваа бүх эмч нартаа, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдадаа Хэнтий аймгийн нийт ард иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Аймгийн Засаг даргын хувиар миний бие эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ажилтнуудтай ажил авснаасаа хойш хамгийн түрүүнд уулзаж, мөн 22 сум, сууринд хүрч сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвтэй танилцаж, нийт эмч нар, эмнэлгийн ажилчдынхаа санал хүсэлтийг хүлээн авсан билээ. Эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай сургалт, эрүүл мэндийн салбарт нэн хэрэгцээтэй багаж, тоног төхөөрөмжийг шат дараатай шийдвэрлэхийн төлөө өнгөрсөн хугацаанд хичээн ажиллалаа. Мөн амласан, ажил хэрэг болохоор илэрхийлсэн зүйлсээ шийдвэр болгон ирэх 4-р сарын 2-ны өдөр болох аймгийн ИТХ-д санал болгон оруулж байгааг албан ёсоор мэдэгдье.

"Хэтийн Хэнтий-2024" үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн салбараас тусгасан бүхий л ажлыг амьдрал дээр хэрэгжүүлэх урьдач нөхцөлийг бүрдүүлээд байна.

Эцэст нь Хэнтий аймагт үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад та бүхний зүтгэл, бидний хамтын ажиллагаа, ард иргэдийн дэм тус чухлыг онцолж, хамтдаа коронавируст халдвар, цар тахлыг даван туулъя хэмээн уриалж байна.

Эрүүл мэнд Эрхэм жаргалан гэдэг билээ. Аймаг орон нутгийнхаа ард иргэд, эмч, эмнэлгийн ажилчид та бүхэнд болон таны гэр бүл, үр хүүхдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ