Л.МЭНДБАЯР: ӨНӨӨДӨР ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ, ХЭРЛЭН СУМЫН ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛОН ДАМ ХАВЬТАЛ БОЛСОН 177 ИРГЭНИЙ PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭ БҮГД СӨРӨГ ГАРСАН

2021.03.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын менежер Л.Мэндбаяр Коронавируст /Ковид-19/ халдварын талаар мэдээлэл хийлээ. Хэнтий аймагт өнөөдөр нэмж тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнээс ЭМЯ-ны мэдээгээр 4 тох...

Өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын менежер Л.Мэндбаяр Коронавируст /Ковид-19/ халдварын талаар мэдээлэл хийлээ.

Хэнтий аймагт өнөөдөр нэмж тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнээс ЭМЯ-ны мэдээгээр 4 тохиолдол бүртгэгдэж нийт 10 тохиолдол болсон тухай лавлахад ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториор нийт батлагдсан тохиолдол 11, сул эерэг нэг тохиолдол бий. Тиймээс 12 тохиолдлыг эмчилж байна гэв.

Шуурхай штабын тандалт судалгааны багаас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 158, дам хавьтал 326 гэж одоогийн байдлаар тогтоогоод байна. Хавьтал болсон ард иргэдийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Өчигдөр Бор-Өндөр сумаас ойрын хавьтлын 45 иргэнээс PCR шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Хэрлэн сумын ойрын хавьтал болон дам хавьтал болсон 177 иргэний PCR-ийн шинжилгээ бүгд сөрөг гарсныг эх сурвалж мэдээллээ. Харин Сүхбаатар аймгаас сэжигтэй тохиолдлын сорьц ирүүлж шинжлүүлэхэд хариу эерэг гарсан, аймаг орон нутагт нь хариуг мэдээлсэн талаар тэрбээр дурдлаа.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа Халдвартын тасагт 6 өвчтөн эмчилж байгаа бөгөөд нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, 5 өвчтөн хөнгөн, Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа хоёр өвчтөн хүндэвтэр, 4 өвчтөн хөнгөн, зовуурь багатай байгаа аж. Эмчилгээний баг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторитой болон эмч нартай нягт холбоотой ажиллаж, эмчилгээний тактикийг уялдуулж вирусийн эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна гэлээ.

Өнөөдөр Шуурхай хариу арга хэмжээний нэгдүгээр бүлэг 44, хоёрдугаар бүлэг, 47, гуравдугаар бүлэг 18 иргэнээс шинжилгээ авч байна. Хариу хараахан гараагүй байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ