Ц.ИДЭРБАТ: НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЯНАЛТДАА АВСАН, БҮХ АЖИЛ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА

2021.03.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр 21:30 цагт аймгийн Засаг дарга Ц.Идэрбат иргэдэд мэдээлэл хүргэсэн. Коронавирусын нийт халдварын тохиолдол 7 батлагдсан бөгөөд /Бор-Өндөр 6, Хэрлэн 1/ өнөөдөр нэмж халдвар илрээгүй байна. Халдвар авсан 7 хүний ойрын х...

Өнөөдөр 21:30 цагт аймгийн Засаг дарга Ц.Идэрбат иргэдэд мэдээлэл хүргэсэн.

Коронавирусын нийт халдварын тохиолдол 7 батлагдсан бөгөөд /Бор-Өндөр 6, Хэрлэн 1/ өнөөдөр нэмж халдвар илрээгүй байна. Халдвар авсан 7 хүний ойрын хавьтлыг тодорхойлж, шинжилгээнд хамруулаад дуусаж буйг Засаг дарга мэдээлсэн. Бор-Өндөрөөс Хэнтий аймгийн бусад сумдад хүрсэн иргэдтэй харьцсан нийт 515 хүний судалгааг Шуурхай штабын тандалт судалгааны баг тодорхойлоод ажиглалтад аваад байна. Өчигдөр буюу 3-р сарын 26-ны өдөр Бор-Өндөрөөс ирсэн PCR шинжилгээний сорьцыг аймгийн лабораторид шинжилхэд бүгд сөрөг гарсан. Харин өнөөдөр Бор-Өндөр сумаас мөн 80 хүнээс PCR шинжилгээ авсан бөгөөд хариу маргааш гарна. Хэрлэн суманд PCR 10, түргэвчилсэн оношлуураар 59 хүнээс шинжилгээ авахад халдвартай иргэний ойрын хавьтал, дам хавьтлаас “сөрөг” хариу гарчээ. Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 10 хүнээс давтан PCR шинжилгээ мөн өнөөдөр авсан байна. Тэгэхээр маргааш нийтдээ PCR шинжилгээний 90 сорьцын хариу гарна гэсэн үг.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Молекул биологийн лабораторитой болсноор нэг өдөрт 90-100 орчим PCR шинжилгээ хийх боломж бүрдсэнийг аймгийн Засаг дарга мэдээлсэн. Тэрбээр, манай аймгийн Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд буруу ажилласнаас коронавирусын халдвар гараагүй. Зайлшгүй PCR шинжилгээтэй, албаны ажилтай, албан томилолттой иргэнээс Коронавирус халдварласан. Цаашдаа энэ асуудлын нарийн учир шалтгааныг нягтлахаа илэрхийлээд нөхцөл байдлыг гартаа авсан, бүх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэв.