ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛИЙГ УРЬДЧИЛАН ТООЦООЛЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАЛАА

2021.03.26
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр 03:30 цагт аймгийн удирдлагууд Гамшгаас хамгаалах шуурхай штаб, хариу арга хэмжээний баг бүлгүүдтэй аймгийн иргэний танхимд 05:10 цаг хүртэл хуралдлаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хүргүүлсэн 7 сорьцын хариу хараахан гарааг...

Өнөөдөр 03:30 цагт аймгийн удирдлагууд Гамшгаас хамгаалах шуурхай штаб, хариу арга хэмжээний баг бүлгүүдтэй аймгийн иргэний танхимд 05:10 цаг хүртэл хуралдлаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хүргүүлсэн 7 сорьцын хариу хараахан гараагүй байна.

Хурлаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу үүсэж болох эрсдэлт нөхцөл байдлыг урьдчилан тооцож /хэрвээ PCR шинжилгээний хариу эерэг гарвал/ Шуурхай штабын дэргэдэх хариу арга хэмжээний баг, бүлгүүдээс “Ковид-19” цар тахлын үеийн эрсдэлийн үнэлгээг аймаг, сум бүрээр гаргаж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэд хэдэн хувилбараар боловсруулаад байна. Тухайлбал, Шуурхай штабын Нийгмийн эрүүл мэндийн төлөвлөлтийн баг, Хариу арга хэмжээний баг, Захиргааны баг, Санхүү нөөц хангалтын баг, бүлэг тус бүрээр төлөвлөлт гаргаж, нэгдсэн төлөвлөгөө гаргасан гэсэн үг. Үүнчлэн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу /эрсдэл үүсвэл/ тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах төлөвлөгөөг аймгийн хэмжээнд гаргалаа.

Бор-Өндөр суманд Коронавируст халдвар цар тахлын сэжигтэй тохиолдол 2021.03.25-ны өдөр бүртгэгдсэнтэй холбогдуулан эдгээр тохиолдлуудын дам хавьталын болон эрсдэлт бүлгийн нийт 223 иргэнээс Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудаас бүрдсэн Шуурхай шинжилгээ авах гурван баг ажиллан түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг гарсныг Бор-Өндөр сумын Шуурхай штаб мэдээллээ. Мөн ойрын хавьталын 80 иргэнээс PCR-ын шинжилгээний сорьц авч 2021 оны 03-р сарын 26-ны өдрийн 03 цаг 10 минутад аймгийн Нэгдсэн эмнэлэгийн "Молекул биологийн лаборатори"-д илгээсэн талаар тус сумаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус суманд ажилласан Шуурхай хариу арга хэмжээний бүлэг Хэнтий аймаг руу ирж яваа гэсэн үг. ХӨСҮТ-ийн лаборатори луу илгээсэн сэжигтэй тохиолдол болон ойрын хавьтал болох 7 иргэний хариу одоогоор гараагүй байна.

Аймгийн Шуурхай штаб, шуурхай штабын хариу арга хэмжээ авах баг, бүлэг, хэсгүүд үргэлжлүүлэн ажиллаж байна. Хэнтий аймаг PCR шинжилгээний хариунаас шалтгаалж цаашид авах арга хэмжээгээ төлөвлөсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ