ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ОРОХ ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ОЙРЫН ХАВЬТАГЧ НАРЫГ БҮРЭН ХЯНАЛТДАА АВЧЭЭ

2021.03.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штаб өнөөдөр өглөө Өмнөдэлгэр суманд гарсан нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Нөхцөл байдлыг тодруулбал өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн шалтгаантай Иргэн “х” нарын хүмүүс хувийн а...

Аймгийн Шуурхай штаб өнөөдөр өглөө Өмнөдэлгэр суманд гарсан нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа.

Нөхцөл байдлыг тодруулбал өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн шалтгаантай Иргэн “х” нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу Дэлүүн Болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч Б сум руу явах замдаа оройн 19 цагийн үед Өмнөдэлгэр сумын Дамбо, Ханбүрээ дэлгүүрээр орж үйлчлүүлсэн байна. Улмаар тэд харьяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-ээс аймгийн Шуурхай штаб руу холбогдож тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтыг тусгаарлаад байна. Тус дэлгүүрүүдээр коронавирусын шинжилгээ эерэг гарсан иргэнтэй хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүн үйлчлүүлжээ.

Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах 7 чиглэлд 2 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, 2 хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Аймгийн Шуурхай штабаас Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг 03 дугаар сарын 17-ны 01:58 цагт Өмнөдэлгэр суманд хүрч удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн Шуурхай штабын хурлаар ЭМГ-аас нийт хавьтагч нарыг бүрэн тогтоож түүвэрчилсэн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсныг мэдээллээ. Шуурхай штабаас Өмнөдэлгэр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах, сумын иргэд нэвтрэхээр бол нөхцөл байдлаас шалтгаалан эргэж гарахгүй байх, хяналтын цэгийг нэмэгдүүлэх, коронавирусын эмнэл зүйн шинжээс шалтгаалан эрүүл мэндийн байгууллагаас PCR шинжилгээ авахаар боллоо.

Аймгийн Шуурхай штабаас ХӨСҮТ-тэй тогтмол мэдээлэл солилцон ажиллаж байгаа бөгөөд газар дээр Шуурхай штабын судалгааны баг, нэгтгэлийн баг ажиллаж байна.Гуравдугаар сарын 17-ны 02:06 цагт аймгийн Цагдаагийн газраас батлагдсан тохиолдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн байна.

Аймгийн Шуурхай штабаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд хяналтад авсан учраас иргэдийг тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хувийн ариун цэврээ сахиж, баталгаатай эх сурвалжаас үнэн бодитой мэдээлэл авахыг хүсэж байна.