ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН НЭГНЭЭС ЭХЛЭН СУМДЫН ШУУРХАЙ ШТАБЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

2021.03.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штаб цар тахлын /Ковид-19/ нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Хурлын эхэнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат коронавирус аймгуудад зөөвөрлөгдөж, нөхцөл байдал цаг ирэх тусам хүндэрч байгааг мэдээлж, мэ...

Өнөөдөр аймгийн Шуурхай штаб цар тахлын /Ковид-19/ нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Хурлын эхэнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат коронавирус аймгуудад зөөвөрлөгдөж, нөхцөл байдал цаг ирэх тусам хүндэрч байгааг мэдээлж, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдыг Хэнтий аймгийн ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай, хяналттай ажиллахыг хүслээ.

Шуурхай штабын хурлаар Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Тагнуулын хэлтсийн дарга, удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, аймгийн Засаг дарга цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Хэрлэн сумын Онцгой комисс, Шуурхай штабыг Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирээд гэрийн ажиглалтад ороод буй иргэд, Хүнс тээврийн жолооч нарт гэрийн ажиглалтын 7 хоногийн тусгаарлалтын дэглэмийг мөрдүүлэн ажиллахад онцгой анхаарч, хяналтдаа авахыг үүрэг болгов.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ний өдрөөс эхлэн Төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулснаас 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардаж, Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн нэг сарын хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ирсэн. Тэгвэл аймгийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын газарт иргэд олон нийт өргөнөөр үйлчлүүлдэг үйлчилгээний төв, ААН-үүдэд тавьсан шаардлага биелүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Мөн 24 цагаар шуурхай штабт жижүүрлэн ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын 5 албан хаагчдын төлөөллийг бүтээн байгуулалттай холбоотой ирсэн компани, компанийн ажилчид, ноолуур худалдан авч байгаа хувь хүн, ААН-үүдэд хяналт тавьж, тусгаарлалтын дэглэмийг мөрдүүлэн ажиллахыг, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм сахиулан үүрэг болголоо.

Үүнчлэн аймгийн Онцгой байдлын газарт сумдад зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг коронавирусын үеийн бэлэн байдлын үзлэгтэй хамтатган ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хамтатган зохион байгуулж, Сумдын Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхийг даалгав.

Аймгийн Засаг дарга цаашид цар тахлын нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас гамшгийн эрсдэлийн зардлаа хэмнэх, Эрүүл мэндийн газрыг түргэвчилсэн оношлуур яаралтай татаж авах, эмийн нөөцөө бэлтгэхийг анхаарууллаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР