ЧИНГИС ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ “ХАЙДРО ДИЗАЙН ПРОЖЕКТ” ХХК ГҮЙЦЭТГЭНЭ

2021.03.18
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээг шинэчлэх буюу " Сумын төвийн инженерийн шугам сүлжээг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулах сонгон шалгаруулалта...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээг шинэчлэх буюу " Сумын төвийн инженерийн шугам сүлжээг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулах сонгон шалгаруулалтад шалгарсан “Хайдро дизайн прожект” ХХК-ийн удирдлагын багтай анхны албан уулзалтаа хийлээ.

Тус уулзалтад аймгийн ЗД-ын орлогч Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү болон БЗӨБЦДШ Хэнтий салбар, Хэнтий-Ус ХХК-ийн төлөөллүүд, мөн цахимаар Сээмий ХХК-ийн ерөнхий инженер Ц.Баттулга нар оролцлоо.

Засаг дарга Ц.Идэрбат Улаанбаатарт болсон аймаг нийслэлийн удирдлагуудын сургалт семинарт оролцож ирээд 7 хоног гэрийн ажиглалтад байгаа бөгөөд тус хуралд цахимаар оролцсон юм.

Уулзалтаар талууд зураг төслийн төсөвт дүндээ тааруулан эхний ээлжид Хэрлэн сумын төвийн таван багаас хоёр багийг нь сонгож инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулах, Дулааны техникийн шийдлийг орон нутагт тохирсон хэлбэрээр сонгох, Чингис хотын ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн үе шатууд, судалгааны асуудлаар хэлэлцлээ.

“Хайдро дизайн прожект” ХХК өнөөдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөллүүдтэй Чингис хотод зургийн даалгаварт тусгагдсан ажлын дагуу ажилласан байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат гүйцэтгэгч компанид хандаж, хариуцлагатай туршлагатай компани шалгарч байгаад сайшааж, ажлаа шуурхай гүйцэтгэхийг хүсээд цаашид зураг төсөв боловсруулагдмагц бүтээн байгуулалтын ажлаа ирэх жилээс эхлүүлэх зорилт тавьснаа илэрхийллээ.

2021-2024 онд багуудыг шат дараатай инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд талуудын зөвшилцсөнөөр сонгогдсон эхний хоёр багийн шугам сүлжээний ажил ирэх жилээс эхэлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.