АЙМГИЙН УДИРДЛАГУУД НЭГДСЭН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021.03.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар энэ сарын 11, 12-ны өдрүүдэд төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтыг ЗГХЭГ-аас зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэ...

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар энэ сарын 11, 12-ны өдрүүдэд төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтыг ЗГХЭГ-аас зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга нар оролцсон юм.

Тус уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг сайтар судалж, хэрэгжүүлэх хүрээнд хэлбэр биш, агуулга талаас нь харж ажиллах шаардлагатайг анхаарч, Монгол Улсын Засгийн газар орон нутгийн удирдлагуудын эрх мэдлийг нэмэгдүүлж, бие даан шийдвэр гаргах эрхзүйн чадамжийг бүрдүүлж ажиллана.

Иймд авилга албан тушаалын алдаа дутагдлаас ангид байж, КОВИД19-ын эсрэг тэмцэж байгаа энэ үед онцгой комиссын дарга нарын хувиар шийдвэр гаргахдаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих хөтөлбөрийг дэмжиж, асуудлаа цогцоор нь харж, уян хатан шийдвэр гаргахыг захижээ. Мөн улирлын чанартай бүтээн байгуулалтууд эхэлж, эдийн засагт жижиг дунд бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин зээл гаргаж эхэлснийг тооцох, бүх талаар дэмжих ёстойг сануулжээ.

Уулзалтад Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж болон Засгийн газрын гишүүд мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, харьяа салбарын мэдээлэл хийж, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хуваарийн дагуу 2021 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.