АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ 2021 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2021.03.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
Аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж, орон нутгийн удирдлагуудын сургалт семинарт суухын зэрэгцээ, Засгийн газрын гишүүдтэй 2021 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Тэрбээр Дулааны станцын ажлыг...

Аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж, орон нутгийн удирдлагуудын сургалт семинарт суухын зэрэгцээ, Засгийн газрын гишүүдтэй 2021 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Тэрбээр Дулааны станцын ажлыг эхлүүлэх, “Эрчим хүчний төсөл-2” төслийг үргэлжлүүлэх асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй зөвшилцөлд хүрсэн бол салбар салбарын сайдуудтай хамтран ажиллах гэрээний хүрээнд санал солилцож, мөн Хэнтий аймаг буюу УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ 2022 оны хөрөнгө оруулалтын талаар хэлэлцжээ. Үүнчлэн аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Удирдлагын академид сургалтад хамрагдаж байгаа юм байна.

Аймгийн Засаг дарга Засгийн газрын гишүүдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилготой юм. Гэрээг байгуулснаар Засаг дарга нар хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой аж.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээнд:

Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг хангах хүрээнд хамтран ажиллах юм. Тэрбээр эрчим хүчний салбарт 2021 онд дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

• Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх

• 10 аймгийн төвд баригдах дулааны станцуудын гүйцэтгэгчийг шалгаруулж, ажлыг эхлүүлэх

• Дэлхий банкны “Эрчим хүчний төсөл-2” төслийн ажлыг үргэлжлүүлэх

• Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн ажлыг үргэлжлүүлэх

• Дорнод аймгийн дулааны цахилгаан станцын 50 МВт өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх

• “Таван толгой” дулааны цахилгааны станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх

• Эрдэнэтийн ДЦС-ын 35 МВт өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, бариулга угсралтын ажлыг эхлүүлнэ. Эрдэнэтийн ДЦС-ын 35 МВт өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа бол Дорнод аймгийн дулааны цахилгаан станцын 50 МВт өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 37 хувьтай байна.

БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2021 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД:

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжилд орон нутгуудын оролцоо, ажил үүрэг хамгийн чухал үүрэгтэй. Тэр ч утгаараа салбарын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 онд Нийслэл болон орон нутгийн Засаг дарга нартай байгуулах тус гэрээнд:

-Байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг хангах

-Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

-Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах

-Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах

-Ойн бодлогыг хэрэгжүүлэх

-Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх

-Уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулах болон Салбар дундын уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах чиглэлээр томоохон ажлуудыг тусгажээ.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ СУРГАЛТ СЕМИНАРЫН ҮЕЭР

2021 онд орон нутгийн орлогын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, мөн Засгийн газрын 43 дугаар Тогтоол Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллах талаар чиглэл өгчээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР салбарын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 онд Нийслэл болон орон нутгийн Засаг дарга нартай байгуулах тус гэрээнд:

доорх линкээр нэвтэрч үзнэ үү. https://mcud.gov.mn/a/761?fbclid=IwAR3xoSSUnGDDjTSqd4bAmwMtenotDHLm6tyjGhXYI8omKWWkVp-sclXJR_Y

Сургалт семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлаар дараах мэдээллийг өгсөн байна. Үүнд:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл тогтвортой өсөж 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 29.1 хувь, экспортын нийт орлогын 8.2 хувийг бүрдүүлсэн болохыг дурдаад цаашид

  1. Зах зээлийн сүлжээг бий болгох,  эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;
  2. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах;
  3. Алдагдаж буй боломжийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх зэрэг дунд хугацааны зорилгуудад төвлөрөн ажиллаж байгааг танилцуулсан юм.