ХЭНТИЙ АЙМАГТ 259 ХҮН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГНӨ

2021.03.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр (2021.03.12) 08.00 цагт улс орон даяар эхэллээ. Орон нутгуудад бүртгүүлсэн хүмүүсийнхээ тооноос хамаараад 1-2 хоног үргэлжлэх бол нийслэлд долоо хоног явагдах талаар МУ-ын Төрийн албаны зөвлө...

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр (2021.03.12) 08.00 цагт улс орон даяар эхэллээ. Орон нутгуудад бүртгүүлсэн хүмүүсийнхээ тооноос хамаараад 1-2 хоног үргэлжлэх бол нийслэлд долоо хоног явагдах талаар МУ-ын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг мэдэгдлээ.

Улсын хэмжээнд нийт бүртгүүлсэн 13094 иргэний 5787 нь нийслэлд, 7307 нь орон нутагт шалгалт өгөх юм байна. Төв аймагт Covid-19-ийн тархалт өндөр байгаа учраас тус аймгийн Онцгой комиссоос шалгалтыг хойшлуулсан. Бусад аймагт төрийн албаны ерөнхий шалгалт хэвийн үргэлжилнэ.

Хэнтий аймгийн хувьд Төрийн албан ерөнхий шалгалтад нийт 259 хүн бүртгүүлж өнөөдөр, маргааш хоёр өдөр 10 ээлжээр, нэг удаа 26 удаа хүн шалгалт өгөхөөр төлөвлөсөн байна.

Энэ удаагийн шалгалтад коронавирусын /Ковид-19/ халдвар хамгааллын дэглэмийн дор мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын дагуу Хэнтий аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ж.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан шалгалт авч байна.

Энэ жилийн шалгалтын онцлог нь бүртгүүлсэн 259 иргэн хурууны хээгээр шалгалтад орж байгааг шалгалт авах ажлын хэсгийн ахлагч мэдээллээ.

Шалгалт Ерөнхий мэдлэгийн шалгалт, Монгол хэл, бичгийн шалгалт, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван үе шаттайгаар явагдах талаар албаны эх сурвалж дурдаж байна. Өөрөөр хэлбэл Цар тахлын үед нэг хүн гурван удаа ирэх нь эрсдэлтэй тул ерөнхий шалгалтдаа тэнцсэн тохиолдолд монгол хэл, бичгийн шалгалт болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтаа нэг өдөр өгөх юм байна.

Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэнэ. Мөн 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.

Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчид мэдээлж байна.