Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА
Өнөөдөр аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдаж, иргэдээс ирсэн гомдол, мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбоотой хэд хэдэн асуудлаар хэлэлцэж, Засаг дарга шуурхай штабын бүрэлдэхүүнд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.
Тоймолбол, томоохон зах, худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сайтар бариулах шаардлагатайг онцолж, түр журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа. Мэргэжлийн хяналтын газар ААН-үүд, Боловсролын байгууллагуудад хяналт тавин ажиллах бол Хэрлэн сумын ЗДТГ, Шуурхай штабаас Улаанбаатараас Хэрлэн суманд ирсэн иргэдэд хяналт тавьж ажиллах аж.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс дуулгахад Өнгөрсөн сар шинийн өдрүүдэд гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн нийт 22 зөрчил бүртгэгдсэн бөгөөд 14 хүнийг 100 мянган төгрөгөөр торгож, 2 хүнд зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Үүнчлэн Цагдаагийн албан хаагчтай маргасан, PCR шинжилгээгүй иргэн тээшиндээ тээсэн зэрэг 5 иргэнийг 15 хоногоор баривчилсан байна.
Иймд иргэд, ААН-үүдийг үйл ажиллагаагаа явуулахдаа ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримталж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг мөрдөн ажиллахыг анхааруулж байна.
Хот хоорондын нийтийн тээвэр 3 дугаар сарын гуравны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хэнтий чиглэлд Даваа, Лхагва, Баасан, Ням өдрийн 12:00 цаг, Хэнтий- Улаанбаатар Мягмар, Пүрэв, Бямба гаригийн 12-00 цагт тус тус зорчихоор болсныг аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Ганбат мэдэгдлээ.
Шуурхай Штабын удирдах бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарга дараах үүрэг даалгавруудыг өглөө.
1. Хүнс тээвэр болон хүндэтгэн үзэх шалтгаанаар явж буй авто машинд QR код олгож тээвэр үйлчилгээг явуулна.
2. Авто машин болон тээврийн хэрэгслийг тухайн өдөр нь олгосон тодорхойлолтыг үндэслэн Улаанбаатар-Хэнтий чиглэлд нэвтрүүлэх.
3. Бага насны хүүхдийг тухайн хүүхдэд хамаарал бүхий иргэн /PCR-ын шинжилгээ өгсөн байх/ харгалзан Улаанбаатар-Хэнтий чиглэлд нэвтрүүлнэ.
4. Хэрлэн сум эрсдэл бүхий орон нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглалтад хяналт тавьж ажиллана.
5. PCR-ын шинжилгээний хариуны хугацаа 72 цагаас хэтэрсэн бол буцаана. Зайлшгүй шаардлагатай бол түргэвчилсэн оношлуур өгч нэвтрүүлнэ.
6. Хот хооронд зорчих такси үйлчилгээг хориглох. /тодорхойгүй хугацаагаар/