АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ МАКС МАЙНД ХХК-ТАЙ ЦААШИД ХАМТАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2021.03.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга “Макс майнд” ХХК-ийн удирдлагууд, туслан гүйцэтгэгч компани болох тайзны технологийн ажлыг гүйцэтгэж байгаа “СЕТТИМО” ХХК, зураг, төслийг гүйцэтгэж байгаа “Аксиом” ХХК-ийн төлөөллүүдтэй албан уулзалт...

Өнөөдөр аймгийн Засаг дарга “Макс майнд” ХХК-ийн удирдлагууд, туслан гүйцэтгэгч компани болох тайзны технологийн ажлыг гүйцэтгэж байгаа “СЕТТИМО” ХХК, зураг, төслийг гүйцэтгэж байгаа “Аксиом” ХХК-ийн төлөөллүүдтэй албан уулзалт хийлээ.

Тус уулзалтад ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын инженерүүд мөн оролцлоо.Уулзалтаар Хан Хэнтий чуулгын барилгын явц, удааширсан шалтгаан, өнгөрсөн жилийн ажлын гүйцэтгэлүүдтэй талууд танилцаж, туслан гүйцэтгэгч компаниас аймгийн ЗДТГ-т ажлын хөлс олгоогүй талаарх гомдол ирүүлснийг хэлэлцлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн жил “Макс майнд” ХХК 5 ажлын гүйцэтгэлд 770 гаруй сая төгрөг авсан боловч тайзны ажлыг гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч компанидаа ажлын хөлс болох 200 сая төгрөгийг олгоогүй учраас тухайн компанийн ажил зогссон аж.

Тиймээс аймгийн Засаг дарга туслан гүйцэтгэгч болон захиалагч талдаа гэрээний үүргээ биелүүлэхгүй, хариуцлагагүй ажиллаж байгаа “Макс майнд” ХХК-ийн удирдлагуудтай энэ сарын 3-ны өдөр эргэн уулзалт хийх цаг тохирч, үндсэн гурван шаардлагыг тавилаа.

Нэгдүгээрт, гэрээгээ сунгахгүй, үлдэгдэл санхүүжилтээр сонгон шалгаруулалт зарлаж, өөр чадамжтай компаниар Хан Хэнтий чуулгын барилгыг ашиглалтад оруулах,

Хоёрдугаарт, хийсэн ажлын гүйцэтгэлийг хэвлэл мэдээлэл, олон нийтэд ил тод мэдээлж, тухайн компанийг Сангийн яамны хар жагсаалтад оруулах,

Гуравдугаарт, 3-р сарын 3-ны өдөр гэхэд туслан гүйцэтгэгчдээ санхүүжилтийг олгосон тохиолдолд, дараагийн шатанд ярилцаж болно гэж үзлээ.