ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЧУУЛЖ БАЙНА

2021.02.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Эрүүл мэндийн газраас “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал хангах, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудад зохион байгуулж байна. Сурга...

Аймгийн Эрүүл мэндийн газраас “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал хангах, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудад зохион байгуулж байна.

Сургалтад Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, Уламжлалт анагаах ухааны төв, Хэрлэн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн бүх, сум тосгодын эрүүл мэндийн байгууллагын 30 гаруй удирдах ажилтнуудыг хамруулсан бөгөөд Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлого төлөвлөлтийн талаар хэлэлцэж байна.

Тус уулзалт зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, - Цаг үеэ олсон сургалт болж буйг онцолж, /COVID-19/ цар тахлын үед хариуцлагатай ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууддаа талархал илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлээд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичгийн талаар танилцуулга хийж, хийж хэрэгжүүлсэн ажлаа товч тайлагналаа.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ажлаа аваад нэн тэргүүнд Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулсан. Өнгөрсөн оны 12 дугаар сар, 2021 оны нэгдүгээр сард аймгийн бүх эмнэлэгтэй танилцаж, эрүүл мэндийн ажилтнуудтай уулзалт хийсэн. Тиймээс энэ удаа сумдад ажиллах үеэр эрүүл мэндийн төвүүдээс хүссэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ирэх дөрөвдүгээр сард шийдвэрлэх болсноо илэрхийллээ. Мөн эмнэлгийн автомашины засварын зардлыг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэхэд бодлогоор анхаарах, боловсон хүчнийг бэлтгэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад анхаарч ажиллана гэв. Үүнчлэн цар тахлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө, вакцинжуулалтын талаар дурдаж, эрүүл мэндийн удирдах ажилтнуудын тулгамдсан асуудлыг сонслоо.

Сургалтаар Эх, нярай, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, Хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, Эрт сэрэмжлүүлэх үнэлгээ, Ковидын үед эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт тулгамдаж буй асуудал зэрэг үндсэн 17 сэдвээр хэлэлцэж байна.

Мөн сургалтаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийх юм байна.