ГЭРИЙН АЖИГЛАЛТЫН ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН ТАВАН ИРГЭНД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА

2021.02.08
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр 16 цагт Шуурхай штабыг хуралдуулж Улаанбаатар хотоос ирээд гэрийн ажиглалтад байгаа иргэдэд гэнэтийн шалгалт хийх үүрэг даалгавар өгсөн. Шалгалтыг Хэрлэн сумын Шуурхай штаб, аймгийн Мэргэ...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр 16 цагт Шуурхай штабыг хуралдуулж Улаанбаатар хотоос ирээд гэрийн ажиглалтад байгаа иргэдэд гэнэтийн шалгалт хийх үүрэг даалгавар өгсөн. Шалгалтыг Хэрлэн сумын Шуурхай штаб, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс явуулсан бөгөөд Хэрлэн суманд ирсэн 251 хүнээс түүврийн аргаар сонгон авч 52 хүнийг гэртээ байгаа эсэхийг шалгажээ. Ингэхэд таван иргэн гэрээсээ гадагш гарсан зөрчил илэрсэн бөгөөд хяналт шалгалтын явцад голомтот бүсээс ирж гэрийн ажиглалтад орсон иргэдтэй хамт тусгаарлагдах ёстой зарим ААН-ын ажилтнууд, төрийн албан хаагчид ажилдаа явсан байна.

Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгох юм байна.

Гэрийн ажиглалтад оруулсан иргэнийг гэр бүлтэй нь ажиглах, ААН болон төрийн албан хаагчдыг тухайн хугацаанд цалинг нь 50 хувиар тооцож олгох шийдвэр гарсан. Тиймээс Аймгийн Засаг дарга захирамжийн хэрэгжилт хангалтгүй хэрэгжиж байна гэж үзэж цаашид хяналт шалгалтыг чангатгах, мэргэжлийн байгууллагууд өдөр бүр шалгалт хийх үүрэг даалгавар өглөө. Мөн Аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдыг 14 хоногийн ажиглалтад байх хугацаанд цалин олгохгүй гэсэн байгууллагуудын удирдлагуудад сануулга өгөхөөр боллоо.

Цагаан сарын үеэр хэрэгжүүлэн ажиллах арга хэмжээний талаар аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудаас маргааш буюу энэ сарын 09-ний өдөр санал авч, Онцгой комиссыг хуралдуулж шийдвэр гаргана.

Аймгийн Шуурхай штабаас гэрийн ажиглалтад байгаа иргэдийг дэглэм зөрчиж, бусдыгаа эрсдэлт нөхцөл байдалд оруулахгүй байхыг анхааруулж байна.