Мэдээ мэдээлэл
БАЯНМӨНХ СУМЫН ХЭРЛЭН БАГИЙН МАЛЧИН Д.ОЮУНБИЛЭГИЙНХ 30 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙНХӨӨ ҮР ШИМИЙГ ХҮРТЭЖ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО
Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Дугаржавын Оюунбилэг, Базарын Батдолгор нар “Аймгийн аварга малчин өрх” болж, Аймгийн Засаг даргаас Аварга малчны үнэмлэх, тэмдэг, Аваргын цомоо гардан авлаа. Мөн үеэр сум, багийн удирдлагууд, Улсын аварга малчин, алтан ишигний эзэн Р.Эрдэнэтөгс нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
Д.Оюунбилэг 30 шахам жил мал маллаж байгаа бөгөөд 2004 онд “Мянгат малчин”, “Сумын сайн малчин” болж, 2011 ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнагджээ.Тэрбээр өнгөрсөн онд 1196 мал тоолуулж, төлөө 100-109 хувиар бойжуулсан байна. Үүнчлэн 178 үржилд худалдаж, 1565 малаа даатгуулж, 10 тн өвс бэлтгэжээ. Тэрбээр 3 өрхийг 200 гаруй малаа малжуулжээ.
Хэрлэн баг 157 өрхтэй. Үүнээс 125 нь малчин өрх, жилийн эцэст 57500 мал тоолуулсан байна. 2020 оны амжилтаараа “Сумын аварга малчин” 3 төрсөн бөгөөд “Алтан ишиг”-ний эзэнд малчин Мягмаржавын Мөнхболдын материалыг явуулсан гэж Хэрлэн багийн Засаг дарга М.Содбаяр мэдээлэв. Тэрбээр мөн энэ хавраас эхлэн аюулгүйн нөөцийн өвс хадгалдаг Буурлын Ухаагаас цааш 6 км зайд худаг гаргаж, малчид бэлчээрээ тэлж байгаа талаар ярьж, багаасаа аймгийн аварга малчидтай болж байгаадаа талархаж буйгаа илэрхийлэв.
Мал маллах арга туршлага, малч ухаанаараа бусдыгаа манлайлан “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан танай гэр бүлд баяр хүргэе.