БАЯНМӨНХ СУМЫН ДУЛААН БАГИЙН МАЛЧИН СОДНОМЫН ГАНХУЯГИЙНХ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2021.02.07
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Баянмөнх сумын сайчуудын үргэлжлэл болж Дулаан багийн малчин Содномын Ганхуяг, Мягмаржавын Наранцэцэг нар “Хотол төгс” хэмээх хулгана жилийн амжилтаараа “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарлаа. С.Ганхуяг эцэг өвгийнхөө залг...

Баянмөнх сумын сайчуудын үргэлжлэл болж Дулаан багийн малчин Содномын Ганхуяг, Мягмаржавын Наранцэцэг нар “Хотол төгс” хэмээх хулгана жилийн амжилтаараа “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарлаа.

С.Ганхуяг эцэг өвгийнхөө залгамж болж багаасаа мал малласан бөгөөд 1992 онд сургууль төгсмөгцөө мал дээр гарч улмаар 2000 онд хань М.Наранцэцэгтэйгээ гэр бүл болж бие даан мал маллаж иржээ. Тэрбээр 28 жил мал маллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил 2695 мал тоолуулж, 100 эхээс 100-116 хувиар төлөө бойжуулжээ. Нийт мал сүргийнх тал хувийг эх мал, ямаа 20 хувийг эзэлж байна. Үржилд 229 мал худалдсан бол 683 малаа даатгуулж, энэ өвөл 122 тн өвс бэлтгэсэн байна.

С.Ганхуягийнх өнгөрсөн хугацаанд 3 өрхийг 559 малаар малжуулжээ.Түүний хөдөлмөрийг төр Засгаас үнэлж 2013 онд “Сумын сайн малчин”, 2018 онд ХАА, Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшуулжээ.

Мал маллах арга туршлага, малч ухаанаараа бусдыгаа манлайлан “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан танай гэр бүлд баяр хүргэе.