Мэдээ мэдээлэл
УУРХАЙЧНААС АЛДАРТ УЯАЧ, “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛТЛОО ХӨДӨЛМӨРЛӨЖЭЭ
Уурхайчдын хот Бор-Өндөрөөс “Хотол төгс” хэмээх хулгана жилд малч ухаан, арга туршлагаараа бусдыгаа хошуучлан манлайлсан “Аймгийн аварга малчин өрх”-өөр хоёр малчин өрх тодорлоо.
Бор-Өндөр сумын Хүйх баг Хаяагийн Шар худгийн дэрстэй хондод аймгийн алдарт уяач, малчин Рагчаагийн Сугар гуайнх өвөлжөөтэй. Өвөлжөөндөө өвлийн тохилог байшин барьжээ. Шинэхэн аварга Рагчаагийн Сугар, Данзан-Ишийн Баянжаргал гуайд Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга П.Чинбат, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, Сумын соёлын төвийн уран бүтээлчид хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүллээ.
Аварга малчид төрдөө 40-41 жил ажиллаж, Р.Сугар гуай Бор-Өндөрийн УБҮ-ээс мэргэжлээс шалтгаалах группт орж, улмаар тэд амины хэдэн бод, адуугаа түшиглэн мал маллах шийдвэр гаргаж малчин болжээ. Тухайн үед Р.Сугар гуай моринд хорхойсч сум, аймагтаа шаггүй морь уячихдаг, хурдтай байсан нь малчин болоход нөлөөлсөн гэж түүний гэргий Д.Баянжаргал гуай дурсаж байлаа. Тэд 2006 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас Газ-53 авто машинаар 35 зусаг ямаа авч богтой болсон бол улмаар Баяндэлгэрийн илүү нугаламт хуц, ноолуурын чиглэлийн ухна авч малаа үржүүлсэн байна.
Өдгөө Р.Сугар гуай 74 настай ч 1000 шахам малдаа хүний гар хүргэхгүй. Сум, аймгийн алдарт уяач тэрбээр 2015 онд “Мянгат малчин”, 2017 онд “Сумын сайн малчин”, 2019 онд ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнагджээ. Эдний малд эзлэх хээлтэгч 36-50,4 хувь, ямаа 18 хувийг эзэлж байна. Анх хүүдээ 50 ишигтэй ямаа, 50 хургатай хонь хүүдээ өгч малжуулсан бол улмаар хоёр өрхийг 316 малаар малжуулсан байна. Биднийг очиход Бор-Өндөрийн УБҮ-т ажилладаг хүү нь Монгол улсын шилдэг инженер болсон сайхан мэдээтэй угтаж байлаа.
Бор-Өндөр сум харьцангуй дулаан уур амьсгалтай, говь хээрийн уур амьсгалтай таана, хөмөл, хужир шүүтэй, малын бэлчээр тачирхан ч гэсэн шимтэй сайхан ургадаг тул мал маллахад тохиромжтой гэж Р.Сугар аварга ярьж, малчин заяаг өвлөн уламжилж яваа нийт малчдадаа сар мэндийн мэнд дэвшүүллээ.
С.Ган-Эрдэнэ