ГАЛШАР СУМЫН БАЯНБАДРАЛ БАГИЙН МАЛЧИН Т.ЭРДЭНЭБИЛЭГ, Б.УРАНБИЛЭГ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2021.02.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Галшар сумын удирдлагуудын хамт Галшар сумын Баянбадрал багийн Өндөр толгойн өвөрт өвөлжих малчин Төмөрийн Эрдэнэбилэг, гэргий Батхүүгийн Уранбилэг нарынд хүрэлцэн очиж “Аймгийн аварга малчин өрх”-...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Галшар сумын удирдлагуудын хамт Галшар сумын Баянбадрал багийн Өндөр толгойн өвөрт өвөлжих малчин Төмөрийн Эрдэнэбилэг, гэргий Батхүүгийн Уранбилэг нарынд хүрэлцэн очиж “Аймгийн аварга малчин өрх”-ийн шагнал, аварга малчны цол, тэмдгийг гардуулан өглөө.

Галшар сумын Баянбадрал багт нийт 412 хүн амтай, 162 малчин өрх, жилийн эцэст 79984 толгой мал тоолуулсан байна. “Хотол төгс” хэмээх хулгана жилийн амжилтаараа “Сумын аварга малчин”-ы болзлыг Ням-Очирын Гантөмөр, Минжүүрийн Чулуунбямба нар хангаж, сумын аварга болсныг багийн Засаг дарга Н.Энхчимэг мэдээлэв.

Т.Эрдэнэбилэг 20 дахь жилдээ маллаж байна. Эднийх 2000 гаран малтай. 2016 оны амжилтаараа “Сумын сайн малчин”, 2019 онд ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнагджээ. Тэрбээр 3 өрхийг 553 малаар малжуулсан бөгөөд үржилд 212 мал худалдаж, 350 малаа даатгуулсан байна.

Галшар нутгаас Улсын сайн малчин Дэндэвийн Лувсан, БНМАУ-ын аварга төлчин Магсарын Гэндэнжамц, Гавъяат малчин Лувсандоогийн Балдандорж, МУ-ын Чанарын аварга Дамдинсүрэнгийн Гатав, МУ-ын Аварга малчин Пэрэнлэйн Долгорсүрэнхутаг, МУ-ын Сайн малчин Цэндийн Батболд, Төмөрийн Төрмөнх, Улсын Аварга малчин Дугарсүрэнгийн Энхтайван, Самбуугийн Лхагвасүрэн, Улсын аварга малчин /өрх/ Дуламсүрэнгийн Очирбат, Овоохойтын Туяа нарын аварга сайчууд төрөн гарчээ.

С.Ган-Эрдэнэ