Мэдээ мэдээлэл
АВАРГА МАЛЧНЫ ХҮҮ Д.ДАШИЙНХ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО
Аймгийн Засаг дарга хоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Галшар, Дархан, Бор-Өндөр, Баянмөнх суманд хүрч мал маллах арга туршлага, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан сайчууддаа “Аймгийн аварга малчин өрх” шагналыг малчны хотонд нь гардууллаа.
Цас ханзарч, цаг наашилсан өдрүүдэд уян хаврыг дохиолох мэт малчны хотонд нялх төлийн дуу цангинаж, хаврын тэргүүн сар, цагаан сарын баяртаа бэлдсэн малчид хот хороогоо засжээ. Галшар сум энэ жил 320 гаруй мянган мал тоолуулсан. Сангийн далай багт хүн, мал өнтэй өвөлжиж, урин хавартай золгож байна. Галшарын улаан ямааг омгоор баталгаажуулж Сангийн далай, Оч багт багт сонгон үржүүлж байна.
Үүх түүх сөхвөл Хэнтий аймгийн Галшар сум нь Богд хаант Монгол улсын үед Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан ба 1923 онд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдахад Галшар уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан ууган сумдын нэг билээ. Ардын засгийн жилүүдэд Хан Хэнтий уулын Галшар уулын хошуу хэмээн нэрлэгдэж байгаад 1931 онд хоёр хэсэг буюу Галшар, Буянт сум болгон өөрчлөгдсөн. Түүнээс хойш 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 301-р зарлигаар дахин нэгтгэж Галшар сум болгон Буянт сумын төвд төвлөрүүлсэн түүхтэй.
Галшар сумын Сангийн далай багийн малчин Долгорсүрэнгийн Даш, Бат-Очирын Цэцэгдарь нар аймгийн аварга малчин цол тэмдгээ аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаас гардан авлаа. Тэдэнд хүндэтгэл үзүүлж, Сумын ИТХ-ын дарга У.Батбаатар, Засаг дарга Ө.Сарантуяа, Засаг даргын орлогч н.Баярмаа, багийн Засаг дарга, сумын соёлын төвийн уран бүтээлчид мөн хүрэлцэн ирэв.
Сайн хүний үр сүүт гүүний унага гэдэг. Улсын аварга малчин Пэрэнлэйн Долгорсүрэнхутагийн бага хүү Даш, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын аймгийн аварга малчин, аймгийн алдарт уяач Балдангийн Бат-Очирын охин Цэцэгдарь нар хоёр талаасаа аварга сайн малч удамтай малчид аж. 2007 онд гэр бүл болж, 2010 онд “Мянгат малчин”, 2014 онд “Сумын сайн малчин” болсон байна. Залуу гэр бүл дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү Жигжидгончигыг сумын сургуулийн 9-анги төгсмөгц нь малчин болгожээ. Улсын аварга П.Долгорсүрэнхутаг агсны хүүхдүүд бүгдээрээ мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж, сум орон нутагтаа нэр алдарт хүрсэн сайн малчид болсон байна. Д.Даш 41 настай залуу малчин хэдий ч 25 жил мал маллаж, эцгийнхээ өгсөн малыг 2000 гартал өсгөн үржүүлж, хоёр өрхийг 300 гаруй малаар малжуулжээ.
С.Ган-Эрдэнэ