Мэдээ мэдээлэл
БАЯНХУТАГ СУМЫН УЛААН-ӨНДӨР БАГИЙН МАЛЧИН ГАНТӨМӨРИЙН ЦОГИЙНХ "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ" БОЛЛОО
Малчны хөдөлмөр бол цаг наргүй хийгээд уйгагүй хөдөлмөр юм. Тиймээс ч жилийн дөрвөн улирлынхаа хөлс хүчийг үнэлүүлэхдээ Засаг төрөөс гаргасан заавар журамд нийцүүлж хэд хэдэн болзол шаардлагыг хангаж байж Аварга малчны зиндаанд хүрнэ. “Аймгийн аварга малчин өрх” шалгаруулах журмын гол шалгуур үзүүлэлт нь нийт малд хээлтэгч малын эзлэх хувь, ямааны эзлэх хувь, 100 эхээс бойжуулсан төл, малгүй өрхийг малжуулсан байдал, үржилд худалдан борлуулсан мал, малаа даатгасан байдал, өөрийн хүчээр хадлан, тэжээл бэлтгэсэн байдал гэсэн гол үзүүлэлтүүдийг харахаас гадна журамд заасан бусад шалгуур үзүүлэлтийг үндэслэн дүгнэсэн.
Аваргуудын адил дээрх шалгуур болзлыг хангаж “Аварга малчин өрх”-өөр шалгарсан малчид бол Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Гантөмөрийн Цог, түүний гэргий Шагдарын Энх-Уран нар юм. Г.Цог гуай 2008 онд “Сумын сайн малчин”, 2013 онд “Мянгат малчин” болсон байна. Г.Цог өдгөө 63 настай, 1000 гаруй мал маллаж байна. Анх гэр бүл болоход нь хонь ямаа нийлсэн 50 бог, хоёр саалийн үнээ, хоёр гүүтэй тусдаа гаргаж байсан гэдэг. Үхэр тэрэг, тэмээн хөсгөөр нүүдэллэдэг байлаа. Одоо ч машин техник гээд хөсөг тэрэг хоцрогдоо юм биз дээ гэж тэрбээр хуучлах. Хот хороогоо хашаалж цэмцийлгэсэн нь Ямаачин баатар Д.Цэрэндорж гуайнхыг санагдуулна. Улаан-Өндөр багийн Засаг дарга н.Алтанчимэг хоёр аваргын талаар дурдахдаа Баянхутаг сумын унаган улс. Насаараа маллахдаа малын үүлдэр угсааг чанаржуулах тал дээр гойд анхаарснаас гадна бэлчээрээ зохистой хуваарилж, зохистой хэрэглээ хийж бэлчээрийн доройтлоос сэргийлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэлээ.
Г.Цог гуайн нийт малын 49,2-53,8 хувь нь хээлтэгч мал, харин 17,3 хувийг ямаа эзэлдэг байна. 2020 онд 100 эхээс төлөө 100-120 хувиар бойжуулан авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 5 өрхөд 600 шахам мал олгожээ. Энэ өвөл Г.Цог гуайнх 68 тонн өвс бэлтгэж, 1791 малаа даатгуулсан байна.
Аймгийн Засаг дарга тэдэнд АВАРГЫН ҮНЭМЛЭХ, ЦОЛ ТЭМДЭГ-ийг гардуулан амжилт хүсэж, мал аж ахуйн уламжлалт арга ухаанаа орхигдуулахгүй байх, хашир малчдын цөлх ухаанаас залуу малчид суралцах хэрэгтэйг онцлов.
С.Ган-Эрдэнэ