АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХУРДАН МОРЬ, БӨХ, СУР, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ХОЛБООНЫ ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2021.02.03
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр үндэсний бөхийн холбоо, сурын холбоо, хурдан морины холбоо, шагайн холбооны гишүүдийг урин авчирч тэдэнтэй салбарынх нь тулгамдсан асуудал цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, хүрэлцэн ирсэн ...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр үндэсний бөхийн холбоо, сурын холбоо, хурдан морины холбоо, шагайн холбооны гишүүдийг урин авчирч тэдэнтэй салбарынх нь тулгамдсан асуудал цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, хүрэлцэн ирсэн тамирчдын саналыг хүлээн авч, зарим асуудлыг шийдвэрлэснээс гадна цаашид наадмаа хэрхэн зохион байгуулах, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр, үндэсний их баяр наадамд холбоод ямар үүрэгтэй оролцох талаар зөвшилцөв.

Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Г.Нэргүйбаатар, ММСУХ-ны “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбоо, “Их хааны мэргэд” үндэсний сурын холбоо, Үндэсний бөхийн холбоо, “Хан Хэнтий аварга дэвжээ” ТББ, Шагайн харвааны холбооны тэргүүлэгчид, зарим сумдын салбар холбоодын төлөөллүүд ирж нийтдээ 50 шахам хүн оролцлоо.

Уулзалтын үр дүнд үндэсний бөх, сур, шагайн харвааны төрөлд багш дасгалжуулагч тогтмол ажиллуулах, улсын хэмжээнд амжилт үзүүлж буй тамирчдаа урамшуулах, Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд сурын талбайг шинэчлэх, шагайн талбай байр шийдвэрлэхээр боллоо. Тухайн ажлын зураг, төсвийг гаргахад холбоодтой хамтарч ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга уулзалтын үеэр илэрхийлэв.

Мөн аймгийн наадамд эрлийз адуу уралдуулахгүй байх шийдвэр гаргах, баяр наадмын комиссын гишүүдийг төрийн албан хаагчдаар бүрдүүлэх, өв соёл болсон үндэсний спортыг хөгжүүлэх, нийтээр түгээн дэлгэрүүлэхэд анхаарах, сурын холбоонд нум сумын төсөв шийдвэрлэх зэрэг хэд хэдэн саналыг зөвшилцөж шийдвэрлэхээр боллоо.Цаашид аймгийн Засаг даргын ивээл дор үндэсний шагайн харвааны “Өндөрхаан уулын шагайн тойром”, “Сэцэн ханы хурд” хурдан морины уралдаан, “Өндөрхаан уулын хишиг барилдаан”-ыг жил бүр зохион байгуулахаар боллоо.