90-ЭЭС ДЭЭШ НАСАЛСАН АХМАДУУДДАА АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ

2021.02.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90-ээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гары...

Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90-ээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно хэмээн “Ахмад настны тухай” хуульд заасан байдаг.

Өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан цагаан сарын баярыг нийтээр тэмдэглээгүй, ахмадууддаа гарын бэлэггүй өнжсөн бол өнөөдөр аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар 90 буюу түүнээс дээш насалсан нийт 90 ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхээр боллоо. Тэгэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн учраас биечлэн очилгүй бэлэгнийх мөнгийг өгөхөөр болов.

Хэнтий аймаг ахмадуудаа дэмжих зорилгоор энэ жилээс эхлэн анх удаа “Ахмадын сан”-г төсөвтөө тусган үүсгэн байгуулсан бөгөөд сум бүр, байгууллага бүр Ахмадын сантай болохыг аймгийн Засаг дарга үүрэг болгож хэрэгжилтэд хяналт тавьж байна. Үүнчлэн “Аварга тосон” рашаан сувиллыг түшиглэсэн Ахмадын сувиллыг өргөтгөж, Ахмадын ордныхоо дэргэд 45 хүний суудалтай автобус шийдвэрлэж өгөхөөр энэ жил аймгийн төсөвтөө тусгасан.

Ахмад настны тухай хуульд:12 дугаар зүйл.

Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, насны хишиг

12.1.Жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага бүр ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.

12.2. 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан жил бүрийн 01 дүгээр сард, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүрийн 7 дугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгох бөгөөд насны хишиг олгох журмыг Засгийн газар батална.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан насны хишиг дараахь хэмжээтэй байна:

12.3.1. 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

12.3.2. 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;

12.3.3. 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

12.3.4. 90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.

12.4.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно.

12.5.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах аж ахуйн нэгж, байгууллага байхгүй болсон ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан бүртгэж Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

12.6.Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар ахмад настанд тэргүүн ээлжид үйлчилнэ.

12.7.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь автобусны зогсоол, төмөр замын өртөө, нисэх буудал, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэн, сүм, хийд болон нийтийн үйлчилгээний бусад газар ахмад настанд зориулсан тусгайлан тоноглосон суудал, тавцан, гарц, шат, угаагуур, суултуур зэргийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулах арга хэмжээ авна.