ӨМНӨД ХӨРШИД ХОНЬ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ АЖЛЫГ ОРОН НУТАГТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗАРИМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021.01.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ коронавирусийн халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан. Тухайн хони...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ коронавирусийн халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан.

Тухайн хонин сүргийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаас бэлтгэж мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатны хяналтыг тавин хорио цээрийн дэглэмийг сахиулан хүлээлгэн өгсөн бөгөөд манай аймагт хуваарилагдсан 8000 хонийг Баянхутаг, Баян-Овоо, Галшар, Баянмөнх сумаас бэлтгэн бусад аймгаа хошуучлан хамгийн түрүүнд хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл тухайн ажлыг амжилттай зохион байгуулсан албан тушаалтнууд, хувиараа хонь хандивласан иргэдэд талархаж, шагнал гардуулах ажлыг МУ-ын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, орон нутагтай хамтран зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар МУ-ын Засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Мал эмнэлгийн газрын Захиргаа Санхүүгийн албаны дарга Ц.Мөнхтулга, Мал эмнэлгийн газрын Улсын ахлах байцаагч Г.Ганжуур нарыг шагнасан бол,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шагнал “Жуух бичиг”-ээр Баянхутаг сумын Мал эмнэлгийн тасгийн Улсын ахлах байцаагч Х.Мягмарбат, Галшар сумын Мал эмнэлгийн тасгийн Улсын ахлах байцаагч М.Хэрлэнтунгалаг,Баянхутаг сумын “Сац Манал” ХХК-ийн захирал, малын эмч Н.Санжаадамба, Баянхутаг сумын ЗДТГ-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цэрэннадмид, Баянхутаг сумын ЗДТГ-ын нярав А.Дайчинбаатар нарыг тус тус шагналаа.

Ц.Идэрбат өмнөд хөршид хонь бэлтгэн нийлүүлэх ажлын хэсэг, орон нутагт ажлыг шуурхай зохион байгуулсан ажлын хэсэгт талархал илэрхийлж, тухайн ажил хөрш оронтойгоо найрсаг харилцаагаа бэхжүүлэх, хүнд хэцүү цаг үед хамтран туслах, цаашлаад дэлхий дахинд монгол малыг сурталчлан таниулж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсныг цохон тэмдэглэв.

Түүнчлэн мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй төрийн бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчин, орон нутагт тулгамдаж буй асуудал, шинэ санал санаачилгын талаар мэргэжилтнүүдтэй санал солилцож, мэргэжилдээ эзэн байж, салбараа тууштай ажиллан амжилт гаргахыг хүслээ.

Нийт шагнагдсан төрийн албан хаагчдад баяр хүргэе.