П.ЭЛБЭГСАЙХАН: УЛААНБААТАР ХОТООС ЗӨВХӨН АР ГЭРИЙН ГАЧИГДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААН, ХҮНС, ШАТАХУУН ТЭЭВЭР ХИЙЖ БАЙГАА АВТО МАШИНУУД ЗОРЧИЖ БАЙНА

2021.01.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа П.Элбэгсайхан өнөөдөр орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд орсон, орон нутагтаа буцах хүсэлт ...

Хэнтий аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа П.Элбэгсайхан өнөөдөр орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд орсон, орон нутагтаа буцах хүсэлт гаргасан иргэдийг нэвтрүүлэх ажлын хэсгээс энэ сарын 22-ны өдрөөс 26 өдрийн хооронд хувийн унаагаар болон автобусаар 700 гаруй хүн ирсэн, харьяа сумдадаа гэрийн ажиглалтад тусгаарлагдсаныг мэдэгдлээ. Өнөөдрөөс эхлэн гэрийн ажиглалтад байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуулаараар шинжилгээ авч эхлэх юм байна.

Хэрлэн сумын төвийн 6-н багийн хувьд гэхэд аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан зургаан ажлын хэсэг, харьяа эрүүл мэндийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байгааг тэрбээр дуулгаж, ард иргэд маань иргэний үүргээ биелүүлж, гэрийн ажиглалтын журмаа мөрдөх ёстойг чухалчлав.

Улсын онцгой комиссоос нэгдүгээр сарын 26-ны өдрийн 444 тоот албан бичгийг аймаг, нийслэлийн онцгой комисст ирүүлж, Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг буцаах ажлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00:00 цагаас зогсоох үүрэг өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос зөвхөн ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаан, хүнс, шатахуун тээврийн зориулалтаар тээвэр хийгдэж байна. Тээвэр хийсэн иргэдийг мөн 14 хоног гэрийн ажиглалтад тусгаарлаж байгаа билээ.

Харин Хэнтий аймгаас буюу ногоон бүсээс Улаанбаатар хот руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Авто тээврийн төвд асуумж хуудас бөглөж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд эргэж ирэхгүйгээр нэг удаагийн зорчилт хийж болно.