ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД МАНАЙ СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ДЭД, ГУТГААР, ТУСГАЙ БАЙРУУДЫГ ТУС ТУС ЭЗЭЛЛЭЭ

2021.02.03
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
8 дахь удаагийн NEAR-ын гишүүн орон нутгуудын хүүхэд, сурагчдад зориулсан гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад NEAR-ийг сурталчилах хүндэт элч Аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, хүндэт элч БСУГ-ын ахлах мэргэжилтэн...

8 дахь удаагийн NEAR-ын гишүүн орон нутгуудын хүүхэд, сурагчдад зориулсан гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад NEAR-ийг сурталчилах хүндэт элч Аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, хүндэт элч БСУГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Байгалмаа, ЗДТГ-ын Гадаад харилцаа, шагнал, ёслолын асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Наранбат нар уралдааны шагналыг гардууллаа.

NEAR нь Зүүн хойд Азийн 6 улсын засаг захиргааны томхон нэгж бөгөөд өөрөөр хэлбэл муж, аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм. 1996 оны 9 сард байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон 6 орны 78 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 660.5 сая хүн амыг хамрах ба 5 ажиглагч орон нутаг, олон улсын 3 байгууллага (AER, R20, ICLEI)-тай түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага юм. Хэнтий аймаг нь 2006 онд NEAR олон улсын байгууллагад гишүүнээр элсжээ.

Жил бүр 12 сарын 15-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас 2013 оноос эхлэн жил бүр зохион явуулдаг Зүүн хойд Азийн 6 улсын хүүхэд сурагчдад зориулсан гар зураг, зурагт хуудасны уралдаан зарладаг уламжлалтай. Энэ удаагийн уралдаанд Ковид-19 цаг үеийн байдлаас үл хамааран гишүүн орон нутгуудаас хамгийн их бүтээл буюу Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос 5 улсын 28 орон нутгаас 323 бүтээл ирсэн бол Хэнтий аймгаас 12 сурагч 13 бүтээлээр оролцсон байна.

Тэгвэл Зүүн Хойд Азийн орнуудын холбооны хүүхэд, сурагчдын уралдаанд Хэнтий аймгийн “Хан Хэнтий Цогцолбор” сургуулийн сурагч Ө.Эрдэнэбатын “Эрийн гурван наадам” бүтээл Дэд байр, “Хан Хэнтий Цогцолбор” сургуулийн сурагч Б.Ганчөдөрийн зураг “Гуравдугаар байр”,“Хэрлэн-IV” сургуулийн сурагч М.Эрдэнэтулгын зураг, Батширээт сумын ЕБС-ын сурагч Э.Эрхсаран нарын “Монгол наадам” зураг тус тус уралдааны “Тусгай байр”-т шалгарч, Хэнтий аймгийн багш сурагчид амжилттай оролцлоо.

Үүнчлэн уралдаанд бүтээлээ явуулсан сурагчдад талархаж, “NEAR”-ын холбооны Хэрэг эрхлэх газраас баярын бичиг ирүүлсэнийг мөн гардууллаа. Тухайлбал, “Тэмүүжин” цогцолбор сургуулийн сурагч Э.Ану-Үжин, Г.Золжигүүр, Г.Цогт-Эрдэнэ, “Хэрлэн-IV” сургуулийн сурагч Ж.Сумъябазар, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндсүрэн, Б.Баяржавхлан, Батширээт сумын ЕБС-ийн Б.Энхзул нарт хүндэт элч төлөөлөгч нар баярын бичиг гардууллаа.

Зарим сурагчид “Ковид-19” цар тахлаас шалтгаалан хүрэлцэн ирж чадаагүй бөгөөд сургуулийн дүрслэх урлагийн багш Хан Хэнтий цогцолбор сургуулийн дүрслэх урлагийн багш Ю.Гангансайхан, Хэрлэн IV сургуулийн дүрслэх урлагийн багш Ш.Мөнхгэрэл, "Тэмүүжин" цогцолбор сургуулийн дүрслэх урлагийн багш Отгонбаатар нарт шагналыг гардуулав.

Сурагчдаа бэлтгэсэн багш нар, уралдаанд амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэе.