Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА 17 СУМ, ДӨРВӨН ТОСГОНЫ 722 ТӨРИЙН АЛБАН ХААГЧТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, НИЙТ 50,5 ЦАГИЙН ИЛТГЭЛ ТАВЬЖ, 120 ГАРУЙ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЖИЛД ХОЁР УДАА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, ҮҮРЭГ ДААЛГАВРЫНХАА ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИНА
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлэн хөдөө, орон нутгийн 17 сум, дөрвөн тосгоны 722 төрийн албан хаагчидтай уулзаж, нийт 50,5 цагийн илтгэл тавьж, сумдад Засаг даргаар ахлуулсан ажилласан ажлын хэсэг ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Нямдаваа, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр нарын албаныхан нийт 253 асуултад хариулж, сумдаас уламжилсан 120 гаруй саналыг хүлээн авлаа.
/Ковид-19/ Цар тахлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэм баримталж, зөвхөн сумдын удирдлагууд, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, төсөвт байгууллагын захирал, эрхлэгч нар, багийн Засаг дарга нарын төлөөлөл, зарим сумдын ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцсан тус уулзалтаар аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсвийн талаар танилцуулж, үндсэн 9 чиглэлээр аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өглөө. Тэрбээр мөрийн хөтөлбөр, төсвийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг мөн 12 дугаар сард цахим орчинд танилцуулаад байсан. Ингэснээрээ ард иргэд, олон нийт болон, төрийн албан хаагчдад ирэх дөрвөн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн төсвөө ил тод танилцуулж, ажлын эхлэл цэгээ тодорхойлж, Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч агентлагууд, сумдадаа 6 сар бүр хүрч, үйл ажиллагааны хөтөлбөр, үүрэг даалгаврын хэрэгжилтээ хяналт тавин ажиллахаар төлөвлөөд байна.
Тэрбээр сумдад бүтээн байгуулалтын зураг төсөл, малын тоо толгойн албан татварын тухай, төсвийн орлого нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхайд баримтлах бодлого, хогны шинэ менежмент хэрэгжүүлэх, боловсролын соёлын салбарт анхаарах, сумдын онцлогоос шалтгаалан холбогдолтой 1-2 үүрэг даалгавар өгөн ажиллалаа.
Энэ удаа аймгийн Засаг даргад тосгонууд, мөн сумдын эрүүл мэндийн төвүүдээс уламжилсан шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг мөн шийдвэрлэхээр боллоо.