Мэдээ мэдээлэл
ӨМНӨДЭЛГЭР СУМ ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ УЛСДАА ХАМГИЙН ОЛОН МАЛТАЙ СУМААР ШАЛГАРЛАА
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нээс эхлэн хөдөөгийн сумддаа ажилласан бөгөөд өнөөдөр үдээс хойш Өмнөдэлгэр суманд ажилласнаар түүний энэ удаагийн томилолт өндөрлөлөө.
Тэрбээр цар тахал, хөл хорионоос шалтгаалан энэ удаа ард иргэдтэй уулзалт зохион байгуулалгүй зөвхөн сумын удирдлагууд, Төсөвт байгууллагын дарга, эрхлэгчид, ЗДТГ-ын төрийн албан хаагчидтай уулзалт хийж, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Аймгийн Засаг дарга албан уулзалтаар сумдын өвөлжилтийн байдалтай танилцах, 2020-2024 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр – “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичиг, аймгийн 2021 төсвийг танилцуулж, аймаг сумын хамтын ажиллагаа, цаашлаад УИХ-ын гишүүд, МУ-ын Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах, төсвийн орлого, малын тоо толгойн албан татварын тухай, уул уурхайд баримтлах бодлого, боловсрол, соёл урлагт баримтлах бодлого, хогны менежмент, цаашид анхаарах зүйлс гэх мэтчилэн үндсэн 9 үүрэг чиглэлийг сумын Засаг дарга нар, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт өгч байна. Мөн зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж явна.
Өмнөдэлгэр сум 1921 өрх, 5973 хүн амтай, үүнээс 1355 нь малчин бөгөөд жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 627,435 мал тоолуулж сүүлийн тав дахь жилээ дараалан Монгол улсад хамгийн олон малтай сумаар шалгарч байна. 2020 онд тэмээ 100, адуу 32168, үхэр 43171, хонь 307710, ямаа 244286 тоо толгойг тоолуулжээ.
Тус сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 5-9 см хүртэл, хунгартаа 20 см байгаа бөгөөд 88 мал зүй бусаар хоргоджээ. Отроор 3 аймгийн 1486 мал ирж оторлож байгаа аж. Өнгөрсөн жилийн намар малчид хадлан тэжээлээ сайтар бэлтгэсэн байна. Тухайлбал малчид 20900 тн хадлан бэлтгэсэн бол сумын аюулгүйн нөөцөд 148 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар малчид 8500 тн өвс зарцуулсан малчдад 12400 тн өвс, 49 тн тэжээл байгааг сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга мэдээлэв. Сумын аюулгүйн нөөц бүрэн хадгалагдаж байна.
Өмнөдэлгэр сумын 2021 оны төсөвт самрын зөвшөөрлийн орлогоос 505,6 сая төгрөг, орон нутгийн татварын давсан орлогоос 79 сая төгрөг нэмэгдсэн бөгөөд сумын татварын орлогын төлөвлөгөө 561 хувиар биелж, өнгөрсөн онд 584601,3 мянган төгрөг давж биелж, 2021 оны төсвийг ИТХ-аараа 4361,1 сая төгрөгөөр баталжээ. 2020 онд улсын төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Шинэ соёлын төв, 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2,5 км асфальтан зам, цэцэрлэгт хүрээлэн, Соёлын төвийн хөгжим аппартур, техник тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн бол аймгаас олгосон хөрөнгө оруулалтаар Балдан Брайбун хийдийн тохижилтыг хийсэн, сумын ОНХС-аараа нэлээдгүй ажлыг өрнүүлсэн түүхэн бүтээн байгуулалтын жил өрнөснийг сумын удирдлага мэдээлэв.
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа нар сумын ЗДТГ-ын мэдээллээ шилэн дансанд 100 хувь байршуулахыг анхааруулж, төрийн албан хаагчдыг “А3”-ийн сургалтад суулгаж, сум орон нутагт зарлагдаж байгаа ажилд албан хаагчдаа бүрэн хамруулах, нийт ажилчдынхаа ачааллыг ижил тэнцүү хуваарилж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн төрийн албан хаагчид Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас зээл авах эрх нээлттэй ч бусдадаа боломж олгох зорилгоор цар тахлын үед цалингаа бүрэн авч байгаа учраас зээлээ даруйхан төлөхийг даалгалаа. Цаашид “жижиг ЖДҮ-чид”-ийн асуудлыг цэгцэлж, дээрх сангуудын зээлийг жинхэнэ эздэд нь хүргэж ажлын байр нэмэгдүүлж, аймгийнхаа ажил орлогыг нэмэгдүүлэхэд анхаарахаа аймгийн Засаг дарга илэрхийллээ.
Тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ч.Алтанзаяа, Б.Наранбаяр болон сумын төсөвт байгууллагын удирдлагуудаас гарсан саналыг ажлын хэсгийнхэн судалж, үзэхээр болов.
Өнөөдрийн уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга ноолуураа “Наран Золбоот Кашмер” ХХК-д борлуулж, санхүүжилтээ авч чадаагүй байгаа 40 өрхийн төлөөллүүдтэй уулзалт хийж, сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.