АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БИНДЭР СУМАНД АЖИЛЛАЛАА

2021.01.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг /ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан болон бусад албаныхан/ өнөөдрөөс эхлэн Биндэр, Батширээт, Ө...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг /ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан болон бусад албаныхан/ өнөөдрөөс эхлэн Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сум, Гурванбаян тосгонд албан томилолтоор ажиллаж байна.

Засаг дарга Ц.Идэрбат өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сумдад ажиллаж байгаа бөгөөд /Ковид-19/ цар тахлаас шалтгаалан зөвхөн сумын удирдлагууд, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, ЕБС, Цагдаа, Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгч нартай уулзалт хийж, Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсвийн талаар мэдээлж, сумын өвөлжилтийн байдал, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгч ирсэн.

Сумдад ажиллах албан ажлаа аймгийн Засаг дарга Биндэр сумаас ажлаа эхлүүллээ. Тус сум Засаг захиргааны таван нэгж, 4136 хүн амтай, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 253,8 мянган толгой мал тоолуулсан байна. Тус сумын аюулгүйн фондод 200 тн байгалийн хадлан, малчид 13000 тн байгалийн хадлан, үйлдвэрийн тэжээл 40 тн, ногоон тэжээл 30 тонныг бэлтгэсэн байна. Малын хоргодолгүй, өнтэй өвөлжиж байгааг сумын Засаг мэдээллээ. Сумын Засаг даргаар 2016-2020 онд тус сумын ИТХ-ын даргаар ажилласан Э.Мөнх-Очир өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр томилогдсон байна.

Аймгийн Засаг дарга төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр цаг үеийн асуудлаар дхраах үүрэг чиглэлийг өглөө.

Тухайлбал, мал тооллого, төсөв санхүүгийн сахилга бат, төрийн албан хаагчийн ёс зүй- харилцаа хандлага, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаанд анхаарч, төсвийн орлого нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахыг төсөвт байгууллагын дарга эрхлэгчид үүрэг болголоо. Мөн шинээр томилогдсон Засаг даргад төрийн албанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн үйдчилгээг чанаржуулж, улс төржилгүй үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллахыг хүсэв.

Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Нямдаваа Шилэн дансны хэрэгжилт /85 хувьтай/, татварын шимтгэлийн 2 сая төгрөгийн өртэй гарсныг шүүмжилж, цаашид анхаарч ажиллахыг сануулсан бол ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан мал аж ахуй, хоршоо, ЖДҮ дээр хамтарч ажиллах, газар тариалангийн бодлогод анхаарч, газар ашиглалт, тариалангийн талбайн эргэлтийг сайжруулах, газар аваад ашиглахгүй байгаа иргэд, ААН-ээс хуулийн хүрээнд төр газраа хураан авах, ХАА-н тасгийн боловсон хүчнийг бэлтгэх, багийн Засаг дарга нар мэдээллээ бодитой боловсруулах, малын тоо толгойн албан татварын тухай зэрэг хэд хэд асуудлаар мэдээлэл хийж, үүрэг өглөө.

Сумын Засаг дарга Э.Мөнх-Очир аймгийн Засаг даргад 9 асуудал уламжилснаас

Сум дундын эмнэлэгт Ариутгалын автоклав, Соёлын төвийн үндэсний хөгжим, цахилгаан хөгжмийг шийдвэрлэж, бусад асуудлыг судалж үзэхээр боллоо.