АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ НДХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАСАГ, ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, БТСГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2021.01.04
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын тасаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир, спортын газрын дарга удирлагуудтай уулзаж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбө...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын тасаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир, спортын газрын дарга удирлагуудтай уулзаж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт / ЗДҮАХ/ тусгасан саналуудыг хүлээн авлаа. Ингэснээр тэрбээр Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч 23 агентлагийн удирдлагуудтай хийх уулзалтаа өндөрлөж байгаа бөгөөд цаашид зургаан сард нэг, нэг жилд хоёр удаа албан уулзалт хийж, үр дүнг тооцон ажиллах юм байна.

Уулзалтаас онцолбол, Аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэлээс 623 аж ахуйн нэгжийн 2,5 тэрбум төгрөг, 3942 сайн дурын даатгуулагчийн 2,4 тэрбум төгрөг тус тус чөлөөлөгдөж, ажилгүйдлийн даатгалын сангаас 101 аж ахуйн нэгжийн 956 даатгуулагчдад 191,2 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.

Тус хэлтэс 2020 онд “Нэг бүртгэл-нэг хяналт” зорилттойгоор үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд Сайн дурын даатгалыг онлайн орчинд үзүүлж байна. Цаашид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийгмийн даатгалын тухай багц хууль, тогтоомж, цахим нийгмийн даатгалын ач холбогдлын талаар ажил олгогч, иргэд даатгуулагчдад сургалт сурталчилгаа зохион байгуулж сайн дурын даатгуулагчдыг нэмэгдүүлэх зорилтыг тусгажээ.

Эрүүл мэндийн даатгалын тасаг нь 2020 онд Төрийн өмчийн 5 эмнэлэг, 3 рашаан сувилал, 43 эмийн сан, 23 өрх сум, тосгоны эрүүл мэндийн төв, 4 шүдний эмнэлэг нийт 78 байгууллагатай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 83043 даатгуулагчийн 4,2 тэрбум төгрөг, өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд 12445 даатгуулагчийн 447,9 сая төгрөг, элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд 2311 даатгуулагчийн 8,0 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлт 30043 даатгуулагчийн 606,3 сая төгрөг, урьдчилан сэргийлэх үзлэгт 2501 даатгуулагчийн 124,7 сая төгрөг, рашаан сувилалд 5816 даатгуулагчийн 951,2 сая төгрөг, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах В вирусийн гэрээ бүхий 14,С вирусийн эсрэг эмийг гэрээ бүхий 3 эмийн сангаас В.С вирусийн эмийн үнийн хөнгөлөлт 641 даатгуулагчдад 58,6 сая төгрөг, “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 4 шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулан 1306 даатгуулагчийн 78,4 сая төгрөг нийт 138106 даатгуулагчийн 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хянаж олгосон байна.

Хэнтий аймгийн БТСГазар нь анх 1931 онд Аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны даргын дэргэд “Биеийн тамирыг сайжруулах зөвлөл” нэртэй эх үүсвэр нь тавигдсан түүхтэй. 2021 онд Түүхт 90 жилийн ойн арга хэмжээ болно. Үндсэн 19 ажилтан , өсвөрийн шигшээ багийн 11 дасгалжуулагч нийт 30 ажилтан албан хаагчтай.Спортын бодлого, сургалт дасгалжуулалтын алба, Захиргаа аж ахуй гэсэн 2 албатай. Тус газар нь 2018 онд “ Улсын аварга шалгаруулах тэмцээн” 10, Бүсийн тэмцээн 2, аймгийн аварга шалгаруулах болон нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах, Үндэсний спортын VI-р Их наадамд амжилттай зохион байгуулан оролцох томоохон зорилго тавин ажилласан. Үүнчлэн 4 жилд 1 удаа зохион явагддаг Үндэсний спортын VI – р Их наадамд түүхэндээ анх удаа багийн нэгдсэн дүнгээр 2-р байр мөнгөн медаль хүртжээ.

Монголын Хүүхдийн спортын YI их наадамд Хэнтий аймгийн өсвөрийн тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр 21 аймаг, 9 дүүргээс багийн нийлбэр дүнгээр 4-р байранд шалгарсан амжилт үзүүлсэн байна.

Хэнтий аймгийн БТСГ нь Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, 2016-2019 оны үйл ажиллагааны үзүүлэлтээр 21 аймаг , 9 дүүргээс салбартаа манлайлж шилдэг тавд шалгарсан бол өнгөрөгч 2020 оны хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн баг тамирчид анх удаагаа Улсын аварга болсон байна. 2020 онд шигшээ багийн спортын 14 төрөлд 250 тамирчин хичээллэж сүүлийн хоёр жилийн хугацаанд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 149 медаль хүртжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй, ажил хайж байгаа залуучуудыг сургаж хөгжүүлэх, мэдээлэл авах боломжоор хангах зорилгоор Швэйцарийн хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн байрны 2 давхарт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв”-ийг тохижуулсан байна.

Үүнчлэн ирэх жилүүдэд Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд шинэ ажлын байрыг 450-аар нэмэгдүүлэх, “Бизнесээ эхэл” арга хэмжээг жил бүр зохион байгуулах, тусгай хэрэгцээ шаардлагатай иргэдийн орчны хүртээмжийг сайжруулж, орчин бүрдүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн хувийн хэвшилтэй хамтран “Хөдөлмөрийн хувийн бирж”-ийг шинээр нээж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шинэ санаачилгуудыг тусгаж зорилт болгон хэрэгжүүлэх гэж байна.

Мөн Хэнтий аймгийн хөдөлмөрийн зах зээл дээр 14691 иргэн байгаагаас 11195 нь залуучууд эзэлж байгаа бөгөөд Зорилтот өрхийн болон Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийг үе шаттай модуль сургалтад хамруулж, ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах замаар “Халамжаас Хөдөлмөрт” шилжсэн иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.