ХУУЛЬ БУСААР ЖОНШ ОЛБОРЛОСОН ЭТГЭЭДҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА

2021.01.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Засаг даргаар томилогдмогцоо төрийн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, хууль бус үйлдэлтэй тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэхээ илэрхийлж байсан билээ. Энэ ч утгаараа Мөрөн суманд хууль бус жонш ол...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Засаг даргаар томилогдмогцоо төрийн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, хууль бус үйлдэлтэй тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэхээ илэрхийлж байсан билээ. Энэ ч утгаараа Мөрөн суманд хууль бус жонш олборлох үйл явдлыг таслан зогсоохыг, гэм буруутай этгээдүүдийг хуулийн хүрээнд шалгах чиглэлийг аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагуудад хүргээд байсан юм.

Тэгвэл Хэнтий аймгийн Мөрөн сумын нэгдүгээр багийн нутаг “Хавтгай уулын цахиурт” гэх газраас 2020 оны наймдугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд мөн оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хууль бусаар жонш олборлосон гэх эрүүгийн хэрэгт Хэнтий аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б, П, Б, М, Э, Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24,2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд тус хэрэг Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Аймгийн Засаг даргын зүгээс байгаль, экологи сүйдсэн явдалд санаа тавьж нөхөн сэргээх зардлыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд хэргийн шалгалтын явцаас шалтгаалан нөхөн сэргээх ажил хүлээгдэж, ирэх хавар хийгдэхээр төлөвлөгджээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ