АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРҮҮД ГАРЛАА /2020.01.06/

2021.01.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 2021 оны анхдугаар хуралдаан боллоо. Тус хуралдааны эхэнд Коронавирусийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, аймгийн ЭМГ, Статистикийн хэлтэс, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, Ус цаг уур, орчны шин...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 2021 оны анхдугаар хуралдаан боллоо. Тус хуралдааны эхэнд Коронавирусийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, аймгийн ЭМГ, Статистикийн хэлтэс, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэл хийлээ.

PCR ШИНЖИЛГЭЭГ ОРОН НУТАГТАА ХИЙХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Мэдээллээс онцолбол, Аймгийн хэмжээнд 2021.01.05-ны өдрийн байдлаар нийт 2598 хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан. Үүнээс 1885 шинжилгээг хөдөө орон нутагт, 742 шинжилгээ Хэрлэн суманд хийгдсэн байна.

Аймгийн хэмжээнд 2021.01.05-ны өдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад байгаа 311 хүнийг эрүүл мэндийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ нэгдүгээр сарын хагас гэхэд PCR-ийн аппарат ЭМЯ-аас аймгийн нэгдсэн эмнэлэгт нийлүүлж цаашид PCR-н шинжилгээг орон нутагтаа хийх боломжтой болно гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр мэдээллээ.

НЭГДҮГЭЭР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА

Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Б.Хэрлэнчимэг нэгдүгээр сарын цаг агаарын төлөвийн талаар танилцууллаа. Нэгдүгээр сард Хэнтий аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бөгөөд I болон II 10 хоногийн сүүлч, III 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх бөгөөд I болон II, III 10 хоногийн сүүлчээр зарим газраар цас орохыг мэдээлэв.

УЛААНБААТАРААС ХҮНСНИЙ ТЭЭВЭР ХИЙСЭН ЖОЛООЧИЙГ 7 ХОНОГ ГЭРИЙН АЖИГЛАЛТАД ТУСГААРЛАНА

Хэрлэн сумаас “Хот хоорондын хүнсний тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ийг боловсруулан өнөөдрийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд цаашид мөрдөн ажиллахаар боллоо. Хэнтий аймаг руу тусгай чиг үүргийн “хүнс, шатахуун, мах тээвэр, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт” ажлаар яваа иргэдийг Улаанбаатар хотоос нэвтрүүлэх бөгөөд заавал PCR шинжилгээг хийлгэсэн тохиолдолд аймгийн нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэх, цаашлаад хүнсний тээвэрлэлт хийн нэвтэрч буй жолоочоос Багануурын Пост дээр давхар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, харьяа сумандаа ирмэгц 7 хоног гэрийн ажиглалтад тусгаарлахаар боллоо. Бүх төрлийн дайварыг аймгийн Авто тээврийн төвд төвлөрүүлэн ариутгал хийснээр эздэд хүргэх зохион байгуулалтыг хийлээ.

УЛСЫН НӨӨЦӨӨС МАНАЙ АЙМАГТ 100 ТН БУЮУ 5000 БООДОЛ ӨНЖМӨЛ ӨВС ҮНЭГҮЙ ОЛГОЛОО

Аймгийн хэмжээнд 2020-2021 онд 89 багийн 8,4 мянган малчин өрхөд 4,6 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 8,2 сая толгой мал өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд малчдын хэрэгцээнд бэлтгэсэн 119,1 тн өвсний 31,8% болох 37,9 тн-ыг, сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 2049 тн өвсний 40.6% болох 832.8 тн-ыг, 479 тн тэжээлийн 51.4% хувь болох 246 тн-ыг тус тус зарцуулаад байгааг ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан мэдээлэв.

Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт манай аймгийн 3 сум, 1 тосгоны 221 өрхийн 115,2 мянган мал, гадны 7 аймаг, 1 дүүргийн 29 сумын 94 өрхийн 62,3 мянган мал, нийт 33 сумын 315 өрхийн 177,5 мянган мал өвөлжиж байна.

Галшар, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Норовлин, Батноров, Хэрлэн сумд аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг зарцуулж эхлээгүй бөгөөд малчдад 81,3 тн өвс, сумдын нөөцөд 1216,2 тн өвс, 233 тн тэжээл, аймгийн нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл хадгалагдаж байна.

Манай аймгаас Дорноговь аймгийн Иххэт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт Галшар, Баянхутаг, Дархан, Хэрлэн сумдын 41 өрхийн 31,3 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт Галшар, Баянхутаг, Батширээт, Өмнөдэлгэр, Биндэр, Мөрөн, Хэрлэн зэрэг 7 сумын 407 өрхийн 135,9 мянган толгой мал тус тус отроор өвөлжиж байна.

МУ-ын ЗГ-ын 2020 оны 212 дугаар тогтоолын дагуу Дорнод аймгийн Улсын нөөцийн салбараас манай аймагт 100 тн буюу 5000 боодол өнжсөн өвс үнэгүй олгосныг татаж авахаар боллоо.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖТАЙ ТАНИЛЦ

Хэнтий аймгийн Засаг даргын 2021.01.06-ны өдрийн А/07 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж өнөөдөр гарлаа. Тус захирамжаар:

1. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэлх сунгасугай.

2. Аймгийн хэмжээнд бүх шатны аж ахуйн нэгж, байгууллага, зах худалдаа үйлчилгээний төвүүдэд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн байршлыг тогтоох зорилгоор QR код байршуулах ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор нэвтрүүлж ажиллахыг хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Улсын Онцгой комиссын 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг нэгтгэн аймгийн шуурхай штабт 7 хоног бүрийн Пүрэв гаригт цахимаар болон албан бичгээр ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4. Шуурхай штаб, хариу арга хэмжээний багт тодотгол хийж, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, хяналтын цэгээр орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж, журмын хэрэгжилтийг мөрдөж ажиллахыг Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/-д даалгасугай.

5. Хорио цээрийн хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн газар

/хурандаа Б.Батсайхан/, Тагнуулын хэлтэс /дэд /хурандаа Н. Алтангэрэл/-т тус тус үүрэг болгосугай.

6. Коронавирусын халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд гар ариутгах, маск зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хяналт тавин зөрчигчдөд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож /тусгай зөвшөөрөл цуцлах/ ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, Онцгой байдлын газар /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/, Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

7. Зам, тээврийн хөгжлийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/225, А/379 тоот Мал, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, өвс тэжээлийг хот хооронд тээвэрлэх ажлыг зохион байгуулах тухай тушаалын хэрэгжилтийг хангуулан ажиллахыг авто тээврийн төв /Б.Ганбат/, Хүнс хөдөө аж ахуйн газар /Ж.Энх-Амгалан/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

8. Улсын Онцгой комиссын шуурхай штаб нь тусгаарлалтаас гарч байгаа болон Коронавиурст халдвар /COVID-19/ аваад эдгэрсэн иргэдийг орон нутагт буцааж байгаатай холбогдуулан тээвэрлэлт, ариутгал халдваргүйтгэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, халдвар тархаах эрсдэл үүсэж болзошгүй тул хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, Онцгой байдлын газар /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/, Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

9. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байхыг хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

10. Шуурхай штабын өдөр тутмын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор онцгой комиссын гишүүдээр ахлуулсан 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах бүрэлдэхүүнийг томилж, нэрс, хуваарийг хавсралтаар баталсугай.

11. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/-д тус тус даалгалаа.

Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Шуурхай штабын бүрэлдэхүүн Налайх, Багануур дүүрэг, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагууд, Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, хяналт шалгалтыг чангатгах, бүс нутгаа хамгаалах хариу арга хэмжээг зохион байгуулах талаар хэлэлцлээ. Тус хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.