ХАЛДВАРТАЙ БҮС НУТГААС ХҮН ТЭЭВЭРЛЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ АВЧ, ЭХ СУРВАЛЖИЙГ НУУЦАЛНА

2021.01.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн онцгой комиссын хурлаар мэргэжлийн байгууллага цахим орчинд тандалт судалгаа хийснээ танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод коронавирусийн халдвар нэмэгдэж, голомт нь тодорхой бус эрсдэлт нөхцөл байдал үүссэнтэй холб...

Аймгийн онцгой комиссын хурлаар мэргэжлийн байгууллага цахим орчинд тандалт судалгаа хийснээ танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод коронавирусийн халдвар нэмэгдэж, голомт нь тодорхой бус эрсдэлт нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор сэжигтэй бүсээс халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хамгийн олон гишүүнтэй, цахим зарын бүлгэмүүдэд үзлэг хийж нийтлэгдэж буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.

Ингэхэд 2021 оны 1 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн холбогдолтой зарын бүлгэмүүдэд цар тахлын голомтот бүсээс зөвшөөрөлгүй нэвтрэх гэсэн иргэд цөөнгүй байсан бөгөөд хол хорионы үеийн хууль дүрэм зөрчиж, хүн тээвэрлэх гэсэн оролдлого хийж буй иргэдийн судалгааг өнөөдөр танилцууллаа.

Харамсалтай нь УБ хотоос хүн тээвэрлэнэ гэх зарын утасны дугаар руу ярьж замын хяналт шалгалт, постоор хэрхэн нэвтрэх талаар лавлахад “тэр асуудалгүй ээ зохицуулчихна” гэх хариултуудыг өгсөн байна. Тиймээс аймгийн Онцгой комиссын дарга хууль зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагуудыг хатуу хяналт тавьж, хариуцлага тооцон ажиллахыг өнөөдрийн хурлаар үүрэг болголоо.

Мөн хууль бус тээвэрлэлт хийх гэж буй, халдвартай бүсээс /Улаанбаатар хот/ хүн тээвэрлэсэн автомашин, иргэдийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын 7056-102 утсанд мэдэгдэж, нутгийн хүн ардаа цар тахлын аюулаас хамгаалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Жич хуулийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжийг чанд нууцална.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС