Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЖАРГАЛТХААН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат шинэ оны анхны томилолтоо Жаргалтхаан сумаас эхэллээ. Тэрбээр сумдын өвөлжилтийн байдлыг газар дээр нь хүрч танилцах, аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичиг, Малын тоо толгойн албан татварын тухай, 2021 оны аймгийн төсвийн талаар мэдээлэл хүргэхээр сумын ЗДТГ-ын ажилтанууд, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзалт хийж байна.
Аймгийн Засаг дарга энэ удаа Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд ажиллаж байгаа бөгөөд түүний ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан нарын холбогдох албан тушаалтнууд хөдөө орон нутагт ажиллаж байна.
Жаргалтхаан сум таван багтай, хүн амын тооллогын урьдчилсан дүнгээр 693 өрх, 2307 хүн амтай, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор тус суманд 224630 малтай, хонин толгойд шилжүүлснээр 326783 толгой мал өвөлжиж байна. Малчин өрх 329, мал бүхий өрх 156 байна гэж сумын Засаг дарга Л.Цэнгэл мэдээллээ.
Өнгөрсөн онд тус сум улс, аймаг, орон нутгийн төсвийн орлогыг 106-137 хувиар давуулан биелүүлсэн бөгөөд 79 сая төгрөгийн төсвийн хэмнэлт хийж, энэ оны төсөвтөө нэмж суулгажээ. 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн инженерийн шугам сүлжээ, эрүүл мэндийн төвийн их засвар, цэцэрлэгийн дээврийн засвар зэрэг томоохон ажлууд, аймгийн төсвөөр эрэн хайх, аврах бүлгийн байр, Гичгэнэ багийн төвийн барилга, ОНХС-аар бэлчээрийн худаг сэргээн засварлах, сумын төвийн гэрэлтүүлэг, гүн өрмийн худаг, эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж худалдан авсан байна. Үүнчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 278,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгджээ.
2021 онд Жаргалтхаан суманд 2,2 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд 320 суудалтай ЕБС-ийн шинэ барилга баригдаж эхлэх аж.
Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумын хэмжээнд малчид 2000 тонн байгалийн хадлан, 50 тн тэжээл, 45 тн хужир шүү, 10 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 200 тн өвс бэлтгэн авч нөөцөлжээ. Энэ өвөл сумын хэмжээнд /2020 оны 11 дүгээр сараас хойш/ цас 9 удаа орж, дунджаар 10 см зузаан цасан бүрхүүл тогтож, өвөлжилтийн байдал хүндэрч байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн нөөцөлсөн өвсөө өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-аас эхлэн малчдадаа олгож, өнөөдрийн байдлаар сумын нөөцөд 20 тн буюу 800 боодол өвс үлджээ. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийн хангах зорилгоор мөн МУ-ын Засгийн газрын тог цахилгаан тэглэх шийдвэрээс шалтгаалан Уурын зуухны байнгын хэвийн ажиллагааг хангах зорилгоор генератор суурилуулсан байна.
Жаргалтхаан сум айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүднээс 132 иргэнд 678 куб.метр түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгож, Багануур,Чандганы уурхайгаас нүүрс татан авах ажлыг зохион байгуулжээ.
/Ковид-19/ цар тахлын үед хариу арга хэмжээний төлөвлөлт гаргаж, Сумын Эрүүл мэндийн төв, Ахмадын байр, ЕБС-ийн дотуур байранд нийт 28 ортой тусгаарлах байрын бэлтгэл бэлэн байдлыг хангасан бөгөөд Улаанбаатар хотоос тус суманд ирсэн 219 иргэнийг гэрийн ажиглалтад байлган өдөр бүр хяналт тавин ажиллажээ. 2 иргэний тусгаарлалтын хугацаа дуусаагүй байгааг Эрүүл мэндийн төвөөс мэдэгдлээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед тус сумаас нийтдээ 6,5 сая төгрөгийг зарцуулжээ.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга төрийн албан хаагчдыг ард иргэдээ алагчлалгүй хөнгөн шуурхай ажиллах, сумын удирдлагуудыг улс төржихгүй байх, төрийн албанд сахилга хариуцлагыг тооцож, шударга ажиллахыг хүслээ.