Мэдээ мэдээлэл
АВАРГА ТОСОН НУУРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр үдээс хойш Дэлгэрхаан суманд ажиллаж, сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийж, эрүүл мэндийн төв, сургуулийн спорт заал, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.
Тэрбээр 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны аймгийн төсвийн талаар танилцуулга хийж, мал тооллого, төсвийн орлого нэмэгдүүлэх, цаашид дэд бүтэц, хөрөнгө оруулалт, сумын ажилд анхаарах зүйлсийн талаар үүрэг, чиглэл өгч төрийн албаны сахилга хариуцлага нэмэгдүүлж ажиллахыг сумын удирдлагуудад даалгалаа.
Төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтаар сумын Засаг дарга Э.Төгөлдөр, ИТХ-ын дарга Н.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ. Дэлгэрхаан сум 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу. Энэ жил сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд Долоод, Аварга, Хэрлэнтооно, Баянхаан, Хэрлэнбаян- Улаан гэсэн 5 багийн нийт 811 өрхөд 2560 хүн амтай байна.
Тус суманд нийт бүртгэлтэй 58 ААН байгууллага байдаг. Үүнээс төсөвт байгууллага -12 , Салбар-10, ТББ -7, ААН - 29 байдаг бөгөөд улирлын чанартай рашаан сувилал, амралт, буудлын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж 40%-ийг эзэлж байна. 2020 оны татварын орлогын гүйцэтгэлээр улсад 7,4 сая, аймагт 210,7 сая, орон нутагт 117,6 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, орон нутгийн төлөвлөсөн орлого 185% хувиар биелжээ. Харин Аварга тосон нуурыг өнжөөх, нөхөн сэргээх ажил үргэлжилж байгаа гэнэ. Энэ өвөл цооног гаргаж, ус сэлбэж хийнэ, ирэх жил мөн өнжөөнө гэв.
Дэлгэрхаан суманд 261,3 мянган толгой мал тоологдсон бөгөөд Тэмээ 70, Адуу 18060, Үхэр 16504, Хонь 122629, Ямаа 104081 толгой тус тус тоологджээ. Өнгөрсөн жил хадлангийн гарц тааруу байсан учраас хадлан хадах боломжгүй малчид, иргэд 653 тн өвсийг худалдан авсан, түүнийхээ 30 хувийг хэрэглэсэн, өвөлжилт сумын зарим газруудад хүндрээд байгаа, Хэрлэнтооно багийн 115 өрхийн 53170 толгой мал өвөлжилт хүндэрсэн нөхцөлд байна гэлээ. Тиймээс аймгийн Засаг дарга анхаарч, аюулгүйн нөөцөөс өвс хуваарилан өгөхөөр боллоо.
Сумын Эрүүл мэндийн төвд их засвар хйигдсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг ЭМТ-ийн эрхлэгч мэдээллээ. Харин Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Аймгийн Засаг дарга гүйцэтгэгч компанийг шуурхай, чанартай гүйцэтгэхийг шаардлаа. Эрүүл мэндийн төвийн болон цэцэрлэгийн хуучин барилгын ажилд засвар шаардлагатай, ЕБС-ийн халаалтын зардлын төсвийг дутуу төсөвлөж , батлуулсанаас ирэх онд 90 сая төгрөгийг алдагдалд орж болзошгүй байгаа гэв.
Дэлгэрхаан суманд төсвийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн 100 хүүхдийн дотуур байр, Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга, Ахмадын сувиллын өргөтгөл, Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт зэрэг томоохон ажлууд энэ онд хийгдэх аж.
Өнөөдрийн ажлын төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон ЗДТГ-ийн Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан нар Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, хугацаат цэргийн албан хаагчидтай уулзлаа.
Их эзэн хааны “Төрийн торгон сүрэг”, “Хоёр загал”, “Найман шарга” агтыг маллан адгуулдаг тус анги өдгөө 18000 малыг 33 суурьт маллаж байна. Тус ангиас Бригадын генерал Б.Ганбаатар, МУ-ын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач О.Батболд нарын алдартнууд төрөн гарчээ. Энхийг дэмжих үйл ажиллагаанд давхардсан тоогоор 52 цэргийн албан хаагч оролцсон бөгөөд Афганистан, Өмнөд судан улсад 8 гэрээт цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байгааг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож мэдээлэв. Тус анги “Аравт” ОУ-ын морин цэргийн уралдаанд оролцох баг тамирчдын агт морьдыг сурган, уналга эдэлгээнд бэлтгэн зүс нийлүүлэн, тэмцээнийг амжилттай зохион байгуулхад хамтран оролцдог, үүнчлэн Монгол улсын анхны “Морин Поло” спортын шигшээ баг тамирчдыг бүрдүүлж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Зэвсэгт хүчний 232 дугаар ангиас аймгийн Засаг даргад Чингисийн хүрээний “Хүндэт харуул” жагсах үед шаардлагатай байгаа улаан хивсний /Эрдэнэт үйлдвэрт захиалсан/ зардлыг шийдвэрлэж өгөхийг хүссэнд тэрбээр газар дээр нь шийдвэрлэлээ. Хүндэт харуул МУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга, УИХ-ын гишүүд айлчлах үед хүндэтгэл, сүр хүчийг үзүүлж жагсаал хийдэг байна.