Ц.ИДЭРБАТ: ОТРЫН БҮС НУТГААС ГАЗАР ХЭСЭГЧЛЭН ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШАРГУУ АЖИЛЛАЖ БАЙНА

2021.01.08
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга өнөөдөр Хэрлэнбаян-Улаан тосгонд ажиллалаа. Түүнтэй хамт ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан нарын албаны хүмүүс өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, коронавирус...

Аймгийн Засаг дарга өнөөдөр Хэрлэнбаян-Улаан тосгонд ажиллалаа. Түүнтэй хамт ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан нарын албаны хүмүүс өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний төлөвлөлт гаргаж зохион байгуулж буй ажилтай нь танилцлаа. Мөн үеэр Дэлгэрхаан сумын ИТХ-ын дарга Н.Лхагвасүрэн, Засаг дарга Э.Төгөлдөр нар хүрэлцэн очсон юм.

Хэрлэнбаян-Улаан тосгоны 2020 оны жилийн эцэст 549 хүн амтай, 65190 тоо толгой мал тоологдсон байна. Хэрлэнбаян улаан уул нь ойт хээрийн бүсээс тал хээрийн бүс рүү шилжсэн байдалтай, чийг тунадастай, өвс бэлчээр сайтай, ямар ч жил ган зуд болдоггүй өгөөмөр баян уул учраас энд эртнээс нааш мянган өвөлжөө, түмэн бууцтай хэмээгдэж, зутарсан мал, ядарсан малчид зуднаас зугтан ирж өнтэй өвөлжиж ирсэн түүхтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд оторчид, малчдаас шалтгаалан бэлчээрийн даац хэтэрч бэлчээр доройтоод байгаа билээ.

Анх1962 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Хөдөө аж ахуйн яамны харьяанд Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцыг байгуулж, аймаг дундын отрын бүс нутаг болгосон. Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрийг хамарсан 192,8 мянган га газрыг хамардаг юм.

Тэгвэл тус газарт энэ жил Багануур дүүрэг, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгийн 321 өрхийн 512 хүн, 181605 малтай өвөлжиж байна. Өнгөрсөн намар тосгоны иргэд, малчид 252,4 тн өвс, 50 тн улаан буудайн хивэг, гар тэжээл 1 тн, хужир 60 тн-ыг бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар бэлтгэсэн өвс тэжээлийн 30 хувийг зарцуулсан, 120 хоногийн өвс тэжээлийн нөөц үлдээд байгаа, төсөвт байгууллагуудыг дулаанаар хангах нөөцийг тогтмол бэлтгэж байгааг Хэрлэнбаян-Улаан тосгоны ЗАА-ны дарга Ж.Март мэдээлэв.

Газар тариалангийн салбарт иргэн, ААН, Байгууллагууд хунчир 85 га-гаас 85 тн, ногоон тэжээл, рапс 220 га-гаас 300 тн, 10 га-д чацаргана тариалж 2 тн, 5 га-д төмс хүнсний ногоо тариалж 50 тн-ыг хураан авчээ.

Энэ оны нэгдүгээр сард цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй, 1, 2, 3-р 10 хоногийн сүүлчээр цас орох, шуургатай байх төлөв гарсан байна. Тус тосгонд Улаанбаатар хот болон бусад аймаг сумаас 66 хүнийг татан авч нийт давхардсан тоогоор 135 иргэнийг гэрийн ажиглалтад авч хянасан бөгөөд өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 2 хүн байгаа аж. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш давхардсан тоогоор 36 тээврийн хэрэгсэл, мах, хүнсний тээвэрт QR код авч тээвэрлэлт хийсэн байна. Одоогийн байдлаар 22 түргэвчилсэн оношлуур, 10 хамгаалалтын хувцас 1200 ширхэг амны хаалтын нөөцтэй байна.

Хэрлэнбаян-Улаан тосгон олон жил бүтээн байгуулалтын ард орхигдож ирсэн бол өнгөрсөн жил Эрүүл мэндийн төв, ЕБС, Цэцэрлэгийн их засвар хийсэн бол энэ жил соёлын төв, Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажил хийгдэхээр төлөвлөгджээ.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат төрийн албан хаагчид, төсөвт байгууллагын захирал, эрхлэгч нартай хийсэн уулзалтаараа өнгөрсөн намар ЗГХЭГ-ын Хэнтий аймагт байгуулагдсан ажлын хэсгүүд отрын бүс нутгаас зарим газрыг хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг тууштай хөөцөлдөж байгааг илэрхийлж, тэдэнд 2020-2024 онд хэрэгжүүлэх аймгийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсвийн талаар танилцуулга хийж, цаашид төрийн албан хаагчид сахилга баттай, сэтгэлтэй ажиллаж төрийн албаны нэр хүндийг өргөх, эрхэлсэн ажилдаа эзэн байхыг захилаа. Үүнчлэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөв санхүүтэй холбогдсон анхаарах зүйлсийн талаар чиглэл хүргэв.

Дэлгэрхаан сумын удирдлагуудад тэрбээр өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 400 боодол өвс олгож байгааг мэдэгдээд, шаардлагатай малчдад хүргэхийг чухалчлав.