ЦЭНХЭРМАНДАЛ СУМ ТӨСВИЙН ДАВСАН ОРЛОГООРОО ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨ АВТОМАШИН, ЭКОЛОГИЙН ЦАГДААДАА БАЙШИН БАРИХ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ

2021.01.08
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон сумдад ажиллах ажлын хэсэг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Жаргалтхаан, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгон, Цэнхэрмандал сумдад ажиллалаа. /Ковид-19/ цар тахлын үед олон нийтийг хамарсан уу...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон сумдад ажиллах ажлын хэсэг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Жаргалтхаан, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгон, Цэнхэрмандал сумдад ажиллалаа.

/Ковид-19/ цар тахлын үед олон нийтийг хамарсан уулзалт, цуглаан хийж болохгүй учраас аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөөгийн сумдадаа хүрч, төрийн албан хаагчдад цаашид баримтлах зарчим, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийг танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалган, үүрэг даалгавар өгөн ажиллаж байна.

Өчигдөр орой тэрбээр Цэнхэрмандал суманд ажиллав. Ажлын эхэнд сумын Засаг дарга С.Золжаргал, ИТХ-ын дарга Б.Энхтайван болон ЗДТГ-ын дарга Ү.Ичинхорлоо, сумын ЗДТГ-ын Санхүүгийн алба, ХАА-н тасаг, багийн дарга нар, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төвийн дарга эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

Цэнхэрмандал сум нь Засаг захиргааны дөрвөн баг, 823 өрх 2147 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогын дүнгээр малчин болон мал бүхий 556 өрхийн 243595 мал тоолуулсан байна.

Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумын хэмжээнд малчид 2021 тн байгалийн хадлан, 72,7 тн таримал тэжээл хураан авч, 28,7 тн дарш, 71 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж, 465,6 тн хужир шүү татан авчээ.

Тус сумын аюулгүй нөөцөд 400 боодол өвсний үлдэгдэлтэй байгаа бөгөөд 30 тн хивэгийг 1-р сард татан авахаар “Улаанбаатар гурил” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Сумын төсөвт байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангаснаас гадна, эмзэг бүлгийн 12 өрхөд 24 м3 түлээ үнэгүй олгож, 30 өрхөд 22 тн нүүрсийг хөнгөлттэй үнээр олгожээ. Энэ өвөл сумын хэмжээнд нийт нутаг дэсвгэр цасан бүрхүүлтэй цасны зузаан дунжаар 9 см, Нугаар, Хужхан, Согоот багийн баруун хэсэгт өвөлжилт хүндэрч сум баг дотроо отор нүүдэл хийж эхэлснийг сумын Засаг дарга С.Золжаргал мэдээлэв.

Хөл хорио тогтоосон үед Сумын онцгой комисс, шуурхай штабыг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр, мөн холбогдох 7 албадыг байгуулсан бөгөөд сумын хэмжээнд 39 ор бүхий 5 тусгаарлах байр бэлтгэж бэлэн байдлыг ханган ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хот болон бусад аймгаас Цэнхэрмандал суманд 175 хүн ирснийг гэрийн ажиглалтад тусгаарлажээ.

2020 оны жилийн эцсийн дүнгээр Цэнхэрмандал сум улсын төсвийн орлогыг 162 хувиар, аймгийн төсвийн орлогыг 101 хувиар, орон нутгийн төсвийн орлогыг 203 хувиар давуулан биелүүлж, 2020 оны давсан орлогоос ахмадын санг 3 байгууллагад үүсгэн байгуулж, 3,2 сая төгрөгөөр, эрсдэлийн санг 9,1 сая төгрөгөөр батлан ИТХ, ЗДТГ зардлыг 94,0 сая төгрөгөөр нэмэгдүүлж батлуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр сумын орлого 2020 онд 95 сая төгрөгөөр давж биелсэн бөгөөд түүнээсээ хэсгийн төлөөлөгчдөө авто машин, Экологийн цагдаад байшин барих материалын зардлыг шийдвэрлэжээ.

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цэнхэрийн голын хуучин даланг ашиглан хөв байгуулах, Сумын төвийн үерийн хамгаалалтын байгууламж барих, Согоот багийн төвд спорт залыг барих ажлыг тус тус гүйцэтгэж ашиглалтад оруулсан бол аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар /ОНХС/ уурхайн байрны худагт ухаалаг төхөөрөмж суурилуулах, хуучин сургуулиа засварлаж, ахуйн үйлчилгээний төв байгуулсан, фитнес тоног төхөөрөмж худалдан авчээ. Харин орон нутагт хуваарилагдсан ОНХС-аар сургуулийн спорт залны дулаалга, биеийн тамирын талбайг тохижуулах, бохир соруулах авто машин худалдан авсан бол “Зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хөрөнгө оруулалтаар Нугаар, Согоот багт бэлчээр усжуулах гүр өрмийн худаг, Согоот багт мал угаалгын ванн, өвс тэжээлийн агуулах барих зэрэг төлөвлөгөөт ажлууд цаг хугацаандаа амжилттай хийгдэж хүлээн авсан байна. Энэ онд 200 суудалтай Соёлын төв Цэнхэрмандал суманд баригдах аж.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ажлаа төлөвлөсөн ёсоор хийж гүйцэтгэж байгаа Цэнхэрмандал сумын Засаг дарга, төрийн албан хаагчдыг сайшааж, цаашид төсвийн орлого нэмэгдүүлэх, ирэх жилүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын зураг төсвийг цаг хугацаанд нь гүйцэтгэх, уул уурхайгаас орлого төвлөрүүлэх, худалдаа эрхлэгчид, үйлчилгээний газруудаа дэмжин аймагтайгаа нэгдсэн бодлоготойгоор хамтран ажиллахыг хүсэж, төсөвт байгууллагын удирдлагууд багийн Засаг дарга нараас гаргасан санал хүсэлт, санаачилгыг хүлээн авлаа.

Уулзалтын дараа тэрбээр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай байгаа Биохимийн шинжилгээний аппарат, шээсний шинжилгээний аппарат шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ. Цэнхэрмандал сумын ЭМТ 1931 онд байгуулагдсан, одоогоор 20 орон тоотойгоор ажиллаж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ